МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Ирэх оны төсөвт ЗУРАГ ТӨСӨЛГҮЙ ажил СУУЛГАХГҮЙ
2018.08.28
Улстөр

Н.Учрал: Ирэх оны төсөвт ЗУРАГ ТӨСӨЛГҮЙ ажил СУУЛГАХГҮЙ

УИХ-ын гишүүн Н. Учралтай ярилцлаа.


 

-Хөрөнгө оруулалтын ажлыг сайн төлөвлөхгүй төсөвт суулгаснаас болж санхүүжилт нь гацаж, бүтээн байгуулалт олон жил царцдаг байдал аль ч салбарт бий болсон. Харин таны санаачилж батлуулсан Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудлыг цэгцлэх заалтууд орсон байна лээ?

-Манай улсын төсвийн зохион байгуулалт сайн биш. Төсөвтөө стандартгүй, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын ажил суулгадаг нь үнэн. Бид ийм байдлаар олон жил явж ирлээ. Цаашдаа төсөвт ямар нэгэн хөрөнгө оруулалтын ажил суулгавал заавал стандарт баримтлах ёстой.

Жишээ нь, 640 хүүхдийн суудалтай сургуулийг хэдэн давхар байх, ямар зураг төсөлтэй байх, хэдэн төгрөгөөр барихыг тогтоосон нэгдсэн стандарттай байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төсвөө төлөвлөхдөө норм нормативыг баримтлах шаардлагатай. Ингэхгүй бол хөрөнгө оруулалтын олон ажил гацаж байна. Бид төсвийн сахилга батыг сайжруулна гэж олон жил ярьсан ч стандартаа барьдаг байгууллага алга. Ер нь өнгөрсөн 28 жилийн алдаа бол төсөв батлахдаа норм нормативыг мөрдөж чадаагүйтэй холбоотой. Үүнээс болж одоо асуудал мундахгүй байна. Тиймээс бид төсвөө батлахдаа норм нормативыг баримтлах талаар хуульчилсан. Энэ хуулийг хэрэгжүүлж чадвал төсвийн сахилга бат сайжирч, бүтээн байгуулалтууд царцахгүйн төрийн албаны данхар бүтэц арилна. 

Намрын чуулган эхлэхээр ирэх оны төсвийг хэлэлцэж батална. Энэ үеэр би норм нормативыг дагаж мөрдөх ёстой гэдэг шаардлагаа хатуу тавина. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөвт зураг төсөвгүй ажил суулгах ёсгүй. Газрын маргаантай ямар ч ажлыг төсөвт суулгахгүй. Энэ хуулийг хэрэгжүүлж төсвөө баталж чадвал ирэх онд ажил гацах, санхүүжилт царцах асуудал гарахгүй.

-Норм нормативыг ямар байгууллага тогтоох вэ?

-Манайд Стандартчилал хэмжилзүйн газраас баталдаг МNS стандартууд бий. Гэхдээ Сангийн яам бусад яамтай хамтарч норм нормативыг шинэчлэн батлах шаардлагатай. Тухайлбал, барилгын салбарын нормативыг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч шинэчлэх ёстой юм.

-Жишээлбэл, улсын хэмжээнд 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг тэдэн төгрөгөөр барина гэсэн нэгдсэн норм гаргах юм уу?

-Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтарч 120 хүүхэдтэй цэцэрлэгийг хэдэн төгрөгөөр барих, тэнд хэдэн багш ажиллах, тэдний цалин нь хэдэн төгрөг байх вэ гэдгийг нэгдсэн байдлаар тогтоох юм. Ингэвэл тухайн цэцэрлэгийн эрхлэгч тогтоосон нормоос илүү хүн ажиллуулахгүй, ажилчдадаа тогтоосноос бага цалин олгохгүй. Зарим сургууль, цэцэрлэгийн ажилчидхүүхдий тооноос хамаарч нэлээд ачаалалтай байдаг. Тэд ачаалалтай ажилласан ч гэсэн илүү цагийн хөлс авдаггүй.

Харин үлгэрчилсэн нормын дагуу ажиллаж эхэлбэл, илүү цагийнхаа хөлсийг авах боломжтой болно. Уг нь байгууллага бүр норм норматив барьдаг гэж хэпдэг. Стандарт нь ч бий. Гол нь төсвөө төлөвлөхдөө стандартаа баримтлахгүй бол норм норматив хэнд ч хэрэггүй болчихоод байгаа юм. Мөн адилхан хоёр сургуулийг өөр өртгөөр барих тохиолдол олон бий. Үлгэрчилсэн зураг төсвийг гаргасны дараа санхүүжилтийг төсөвт суулгах учраас хоёр ижил сургуулийн төсөв нь адилхан байна гэсэн үг. Тэгэхээр нийслэлд барих сургууль, орон нутагт барих сургуулийн санхүүжилт нь адилхан байх юм.

-Замын хол, ойроос хамаарч зардал нь өөр гарах биш үү?

-Хүмүүс тайлбар хэлэхдээ “Увс аймагт барих сургуулийн зардал их гарна” гэж ярьдаг юм. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Увс аймагт байдаг компаниар бариулж болно биз дээ. Тэгвэл орон нутагт ажлын байр нэмэгдэж, компанийн чадавх нэмэгдэнэ. Тэд барьж чадахгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Улаанбаатарт байгаа компани заавал Завханы ажлыг хийх ямар шаардлагатай юм. Үнэхээр ажилламаар байгаа бол улсаас тогтоосон норм нормативын дагуу ажлаа хий л дээ.

-Ярианы сэдвээ өөрчлөе. Арбитрын шүүх хурлын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд 100 орчим сая ам.доллар өгөхөөс өөр аргагүй болчихлоо. Энэ асуудалд та гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудалд нэр холбогдсон хүмүүсийг шалгаж, буруутай этгээдээр нь төлбөрийн төлүүлэх нь зөв. Улсын төсөв гэдэг бол иргэдийн татварын мөнгө. тиймээс хариуцлагагүй нөхдүүдийн алдаанаас болж тэдний халаас руу орох ёсгүй. Хууль хяналтын байгууллагаас буруутай этгээдүүдийг тогтоох нь зүйтэй. Энэ суудалд нэр нь холбогдсон хүмүүс их хэмжээний хөрөнгөтэй шүү дээ. 

- Сонгинохайрхан дүүргийн хувьд бусад дүүргийг бодвол тулгамдсан асуудал ихтэй. Ялангуяа хүн ам ихтэй учраас төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрч чаддаггүй. Та сонгогдсон дүүргийнхээ асуудлуудыг шийдвэрлэхээр ямар ажил хийж байна?

-Нийслэлд сургууль, цэцэрлэггүй хоёр хороо байдаг. Үүний нэг нь манай тойрогт байна. Тиймээс би төсөвт сургууль, цэцэрлэгийн санхүүжил тийг нь суулгуулсан. Одоо ажил нь эхлэх гэж байна. Бид ажлаа хурдан эхлүүлэхийг шаардаж байгаа ч тендер шалгаруулалттай нь холбоотой гомдол санал тасрахгүй хугацаа алдаж байна.

Мөн нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг долоон сургууль байдаг. Үүний нэг нь буюу 62 дугаар сургууль манай дүүрэгт бий. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийг төсөвт суулгасан ч ажил нь бас л хойшилчихсон байна. Юунаас болсон бэ гэхээр зургаан тэрбум төгрөгөөр барих ажлыг яамнаас гурван тэрбум төгрөгөөр зарласан гэх мэт тайлбар хэлэх юм.

Үүнээс гадна Таван шарын байрууд манай тойрогт хамаардаг. Энэ бол зөвхөн миний асуудал биш. Нийслэлийн том асуудал. Энэ байруудыг ойрын хугацаанд дахин төлөвлөлтөд оруулахгүй бол хүндрэлтэй байдал үүснэ. Тиймээс байрны дахин төлөвлөлтийн асуудлаар Засгийн газарт хандана. Үүнийг хэлэлцэж, байруудыг дахин төлөвлөх санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана гэдэгт итгэлтэй байгаа. Миний хувьд тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа олон ажил байна.

Иргэдийг гар доорх материалаар гэрээ дулаалах, бохир нь хөрсөнд нэвчдэггүй нүхэн жорлон барих зэрэг ажилд идэвхжүүлж, өөрсдийнх нь санаачилгаар бусад газар нь сургалт хийж байгаа. Бид хийх аргыг нь зааж өгөөгүй байж “Нүүрс түлж болохгүй. Нүхэн жорлон барьж болохгүй” гэж хэлэх эрхгүй. Үүнээс гадна өнгөрсөн оны төсөвт суулгасан хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байгаа.

Ярилцсан Б.Цэнд-Аюуш

ШИНЭ МЭДЭЭ