2023.03.02

Алтан төлийн эздэд шагналыг нь гардуулан өглөө

Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Охины Батаагийн гэр бүлд "Улсын аварга малчин"-ны шагналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй аймгийн удирдлага, албаны хүмүүсийн хамт малчны хотонд нь гардуулан өглөө. Цээл сумын нутагт орших Их, Бага Таянгийн нуруу, Сонор хайрханаа эртнээс шүтэж ирсэн бөгөөд энэ нутгаас олон алдартан, гавьяатууд төрсөн түүхтэй билээ. Цээл сум шинэ суурьшлын бүс рүү шилжиж байна.


АЛТАН ТӨЛИЙН ЭЗДЭД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Мал маллах уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлж, төл малаа жил бүр Улсын дунджаас дээгүүр бойжуулан хөдөлмөрөөрөө тэргүүлсэн өрхүүдийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон МҮОНРТ хамтран тодруулдаг уламжлалтай билээ.

АЛТАН УНАГА-ны эзэн Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Д.Батмөнх, АЛТАН БОТГО-ны эзэн Бүрэнжаргалан багийн малчин В.Дүгэрсүрэн, АЛТАН ХУРГА-ны эзэн Цогт сумын Баян-Улаан багийн Улсын аварга малчин Н.Гомбосүрэнгийн гэр бүл, АЛТАН ИШИГ-ны эзэн Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин М.Нямдаш нарын гэр бүлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн программын албаны дарга М.Эрдэнэбат, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

Өндөр уул, тал хээр, говь хангай хосолсон энэ л сайхан нутагтаа мал сүргээ өсгөж үржүүлнэ гэдэг амаргүй ч, сайхан ажил хэмээн малчин түмэн ярьж байлаа.