Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар эрчимтэй цахимжиж байна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, ИЦББХ-ны гишүүн Т.Мөнхсайхан
2025.04.08

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар эрчимтэй цахимжиж байна

ИЦББХ-ны гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай салбарын цахим хөгжлийн талаар ярилцлаа.

Бидний өдөр тутмын амьдрал цахим технологиос шууд хамааралтай болж байна. Хэн үр дүнтэй ашиглаж чадаж байгаа нь хожиж байна шүү дээ. Эрүүл мэндийн салбар энэ тал дээр хэр мэдрэмжтэй ажиллаж байна вэ?

Юуны өмнө эрүүл мэндийн салбар бол хамгийн их өгөгдөл, датанаас хамаардаг, маш эрчимтэй цахимжиж байгаа салбар гэдгийг онцлон хэлье. Өмнө нь энэ салбарт цахим технологийг зөвхөн тусламж үйлчилгээний бүртгэл мэдээлэл, эрүүл мэндийн статистик үзүүлэлт тооцох зорилгоор ашиглаж байсан бол 2020 оноос хойш эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал, үр ашгийг тооцох зэргээр олон чиглэлээр хэрэглэж байна.

Одоо бид цахим бүртгэлийн системийг бүрэн дүүрэн ашиглах буюу зөв өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, эргэн ашигладаг болох чиглэлд илүүтэй төвлөрөн ажиллаж байна. Цаашилбал, эрүүл мэндийн их өгөгдөл үүсгэж улмаар тандалт судалгаа, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад ашиглах, цахим эмнэлэг бий болгохоор зорьж байна.

Иргэдээс ирдэг гомдлын дийлэнх хувийг эмчид үзүүлэх гэж олон хоног хүлээх, олон дахин цаг авах асуудал эзэлдэг. Эмнэлэгт очоод цаг авах, эмчид үзүүлэхэд, лабораторид шинжилгээ өгөх, оношилгоонд орох зэрэг процесс бүрт хүлээх, дугаарлах, цаг авах үйлдэл иргэнд чирэгдэл ихтэй байдаг нь бодит үнэн шүү дээ. Энэ асуудлыг шийдэх зорилгоор тухайн иргэний зовуурь, өвчний шинж тэмдгийг мэргэжлийн эмч нар харилцан ярилцаж шинжилгээ, оношилгооны цагийг цахимаар олгож, чирэгдэлгүй шуурхай үйлчлэх технологийг нэвтрүүлж эхлээд байна. Энэ туршлагыг ХУД-ын 25 өрхийн эрүүл мэндийн төвд энэ оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар 600 гаруй иргэнд энэ жишгээр үйлчилгээ үзүүлсэн бөгөөд, удахгүй хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг энэ процесс руу шилжүүлэхээр бэлтгэж байна.

Эмнэлгүүд өвчтний мэдээллийг солилцож боломж нээгдсэн үү?

“Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх” ажлын хэсэг богино хугацаанд ажиллаж эмнэлэг хооронд өгөгдөл солилцдог болсон. Одоогийн байдлаар өвчтөн өөр эмнэлэгт үзүүлсэн дүрс оношилгоо, шинжилгээний мэдээллийг харж чадаж байгаа. Мөн иргэд энэ дэд бүтцийг ашиглаж E-mongolia системээр дамжуулан эмийн жор, эх хүүхдийн дэвтэр гэх мэт нийт 25 үйлчилгээг авах боломжтой болсон. 2024 онд давхардсан тоогоор E-mongolia системд 4.5 сая гаруй эрүүл мэндийн үйлчилгээний хандалт бүртгэгдсэн байна. Цаашдаа илүү төгөлдөржүүлж хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг бүрэн, зөв хадгалж, солилцдог болох чиглэл рүү зорьж байна. Мэдээж мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг онцгой анхаарах нь зайлшгүй.

Эрүүл мэндийн салбарт инноваци, технологийн шийдэл нэвтрүүлж эмнэлгийн үйлчилгээг сайжруулсан өөр ямар туршлага байгаа вэ?

Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбар бол инновац, цахим технологийг хамгийн хурдтайгаар нэвтрүүлж байгаа. Зах зээл нь үүнийг байнга шаардаж байдаг. Сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бараг дийлэнх нь хиймэл оюун ухаан, машин сургалтын функционал боломжийг агуулсан байна. Жишээлбэл, 2024 оны 10 сард эхэлсэн 6 настнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан үзүүлэлт бүхий зүрхний цахилгаан бичлэгийн төхөөрөмжийг ашиглан эрт илрүүлэгт хамруулсан. Энд цугласан датаг ашиглаж монгол хүүхдийн зүрхний эрсдлийн модел боловсруулах юм.

Ирэх жилээс энэ датанд суурилсан хариу унших үйлдэл бүрэн автомат болно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэн тусламж үйлчилгээг оршин буй газраасаа саадгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор 21 аймгийн эмнэлгүүдийг төвлөрсөн PACS системтэй холбоод байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн дүрс оношилгооны зураг маш өндөр нарийвчлалтайгаар эмчид уншигдах, эмч цаг алдалгүйгээр шинжилгээний хариуг өвчтөнд танилцуулах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, Ховд аймагт дүрс оношилгооны зураг авхуулсан иргэн “Зайн оношилгооны төв”- ийн олон жилийн туршлагатай эмчээр тухайн мөчдөө зургаа уншуулж хариугаа авч байна. Улаанбааатар хот руу ирэх цаг, зардал мөнгөө хэмнэж байна гэсэн үг.

Одоо бид цахим бүртгэлийн системийг бүрэн дүүрэн ашиглах буюу зөв өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, эргэн ашигладаг болох чиглэлд илүүтэй төвлөрөн ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан