Улсын аварга малчдад шагнал гардуулан өглөө
Бар жилийн ажил үйлсээрээ шалгарч “Улсын аварга малчин” цол хүртсэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Бор хошуу багийн малчин Цэрмаагийн Отгоннасан, гэргий Бат-Өлзийн Отгонсүрэн нарт шагналыг нь гардуулж өглөө.
Өлзийтөөс төрсөн тав дахь “Улсын аварга малчин” Отгоннасангийнх Хужиртын Ар булагт нутаглаж байна. 2020 оны өвөл Төв аймгийн Лүн хүртэл оторт явсан. Харин сүүлийн хоёр жил нутагтаа өвөлжиж байна. Энэ жилийн хувьд нутагтаа өвөлжсөн нь онолоо хэмээж байсан.
Тэднийх бод, бог нийлсэн 1200 толгой мал тоолуулсан, адуугаа зүүн тийш оторт гаргаад бог болон үхэртэйгээ үлдсэн гэнэ. Байнга нүүж сууж явдаг, нэг газраа удаан суудаггүй аваргынх Ар булагийн хаваржаанаас удахгүй дахиад л нүүнэ гэсэн.
Малын тоог биш чанарыг эрхэмлэдэг залуу аваргынх Дорнод, Сүхбаатараас эцэг мал авчирч малынхаа үүлдэр угсааг сайжруулахаас гадна жилдээ багагүй тооны мал зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаг. Гэрийн эзэн Отгоннасан айлын 11 хүүхдийн отгон нь. 1999 онд сургуулиа төгсөөд малчин болсон. Эзэгтэй Отгонсүрэн ч малч удамтай, найман хүүхэдтэй айлын отгон охин. Төрсөн ах Ганболд нь 2016 онд “Улсын аварга малчин” болж байсан бол эдний удмын хоёр дахь аварга нь хүргэн Отгоннасан, охин Отгонсүрэн нар болж буйд Бат-Өлзий гуай маш их баярлаж байв.
Отгоннасангийнх 5 хүүхэдтэй, том хүү нь 9-р анги, удаах охин нь 6-р анги, ихэр охид нь 2-р анги. Хүүхдүүд нь бүгд аймагт сурдаг болохоор 5 настай отгон охин аав ээжтэйгээ үлддэг.
Энэ өвөл нэлээд хүйтэн болохоор үхрээ эрт тэжээлд оруулсан гэж байлаа. Хавар шуураад хүйтэрчихгүй бол цас гайгүй орсон болохоор ногоо сайн ургах байх гэцгээж байна билээ.
Эцэг дээдсийнхээ малч ухааныг эрхэмлэн шүтэж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж яваа ажилсаг залуустаа аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
ХУЖИРТААС ТӨРСӨН “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” Ж.ЦЭРЭНДОРЖ, Т.ЦЭРЭНДУЛАМ НАРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
Туулай жилийн босгон дээр Өвөрхангай аймгаас “Улсын аварга малчин” алдрыг ажил үйлсээрээ тэргүүлсэн 10 малчин өрх хүртсэн. Тэдний нэг Хужирт сумын 6-р багийн малчин Жамьянгийн Цэрэндорж, Товуугийн Цэрэндулам нарт аваргын шагналыг нь Бага цагаан сайрын Асгатын өвөлжөөнд нь гардуулж өглөө.
Цэрэндорж адуу, үхрээ аваад Зүүнбаян-Улаан сумын Баянзүрхэд оторт яваа бөгөөд аваргын шагналаа гардахаар гэртээ ирээд байгаа гэсэн. Эднийхэн үе удмаараа Харзан голын хөвөө даган нутаглаж ирсэн бөгөөд өвөлдөө харзалж урсдаг энэ голын усыг уусан ямарч мал тэнхрээд л ирдэг гэж манай нутгийнхан ярьдаг юм.
Цэрэндорж аварга ах дүү 15-уулаа. Ах дүүс ажил, амьдрал бүхий зүйл дээр нэгэндээ дэмтэй. Хонь хяргах, ямаа самнах, хашаа хороогоо сэлбэх, хадлан тэжээл авахад хамтдаа л зүтгэчихдэг сүрхий улс л даа. Энэ жил бага дүү Ганболд нь “Сумын аварга малчин” болжээ.Гэргий Цэрэндулам ч эхээс олуул. Түүний аав Товуу багш олон жил сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч хийсэн болохоор манай нутагт танихгүй хүн байхгүй. Хүүхдүүдээс нь анх малчин болохоор шийдсэн нь Цэрэндулам. Төвд шахуу өссөн охиноо малчин болно гэхэд аав нь хамгийн түрүүнд дэмжсэн гэнэ.
Цэрэндорж, Цэрэндулам хоёр таван охинтой. Охидын том нь 27 хүрч байгаа. Бар жилд хөөрхөн зээтэй болсноо ч ярьж байсан. Цэрэндорж “Хужирт нутаг минь рашаан усны эх булаг учраас алсдаа сум орондоо хэрэгтэй хүн болог гээд нэг охиноо Орост химийн инженерээр сургаж байна. Манай охин сурлага сайтай, Путиний тэтгэлгээр гурав дахь жилдээ сурч байгаа даа” хэмээн тун бахархангуй ярьж суусан.
Охид аав ээжийгээ дуурайсан ажилсаг, багаасаа л ээждээ дэм болоод зундаа 40-50 гүү сааж айргаа исгэнэ, сүү саалиа аваад идээ цагаагаа боловсруулчихна.
Эднийх өнгөрсөн тооноор бог голдуу 1300 толгой мал тоолуулсан гэнэ. Туслах малчин авч хөлс мөнгийг нь өгөөд хэдэн малаар дэмжээд ажиллуулж үзсэн ч сүүлийн үед мал маллах хүн санаснаар олдохоо больсон учраас хотод барилгын ажил хийж байсан төрсөн дүүгээ гэр нь дэргэдээ авчраад малчин болгосон гэж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn