Төв аймгаас Улсын аваргууд тодорлоо
2023.02.20

Төв аймгаас Улсын аваргууд тодорлоо

МҮОНРТ-ээс тодруулдаг “Алтан тугалын эзэн”-ээр тодорсон Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул багийн малчин Н.Чимэд-Очирын гэр бүлд шагналыг нь гардуулан өглөө. Малчин Н.Чимэд-Очир, Б. Наранцэцэг нар нь мал сүргээ өсгөж, сум орон нутагтаа үлгэр жишээ үзүүлэн 2022 онд сумын сайн малчин болжээ. Өнөө жил гурван ихэр тугал эсэн мэнд төллүүлж “Алтан тугал”-ын эзэн болох болзлыг хангажээ.

Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр “Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан Н.Чимэд-Очирын гэр бүлд баяр хүргэж айлчлан ирж буй усан туулай жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

Улсын аварга тариаланчаар шалгарсан Төв аймгийн Угтаалцайдам сумын “Ёл тариа”ХХК-ийн механикжуулагч Лувсаншаравын Лхагвасүрэнд шагналыг нь гардууллаа.

Л.Лхагвасүрэн нь газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй манай шилэг механикжуулагч юм. Тэрээр комбайнаар 2022 онд 1236.3 га-аас шуудаар 1964 тн ургац хурааж 2020, 2021 оны амжилтаа бататгажээ. Түүний энэхүү амжилтад “Ёл тариа” ХХК-ийн хамт олон, аварга тариаланчийн гэргий Д.Цэрэнчимэд нарын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Л.Лхагвасүрэн нь гарын шавь нараа бэлдэж байгаа бөгөөд түүний шавь Б.Батбаатар, Х.Анхбаяр нар Ж.Самбуугийн нэрэмжит анхны залуу тариаланчийн шагналаар шагнагдсан байна.


Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр Улсын аварга тариаланчаар шалгарсан “Ёл тариа”ХХК-ийн механикжуулагч Л.Лхагвасүрэн түүний хамт олон, гэр бүлд нь баяр хүргэж айлчлан ирж буй усан туулай жилдээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн #Заамар сумын Төмстий багийн малчин Цэгмидийн Хүрэлбаатарын гэр бүлд шагналыг нь гардууллаа.

Ц.Хүрэлбаатар, Б.Сүх нар нь мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа иргэдийг малжуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа үлгэр жишээ малчин өрх юм.

Өнөөдөр Заамар сумаас 34 жилийн дараа Улсын аварга малчин өрхөөр Ц.Хүрэлбаатарынх шалгарч сумын малчин олон маань баяр хөөр дүүрэн байна. Аварга малчны хүргэн Ч.Маналсүрэн охин Х.Урангоо нар 2019 онд сумын мянгат малчин болжээ. Төв сайхан нутгийнхаа 100 жилийн ойн босгон дээр улсын аваргаар тодорсон Ц.Хүрэлбаатарын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Эрдэнэт мал сүргийн маань арвин цагаан буян ашид дэлгэрэх болтугай.Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн #Лүн сумын Цагаан-Уул багийн малчин Нямхүүгийн Баярболдын гэр бүлд шагналыг нь гардууллаа.


Н.Баярболд, Б.Ичинхорлоо гуай нар нь мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа иргэдийг малжуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа үлгэр жишээ малчин өрх юм.

Аварга малчин Н.Баярболд мал маллах арга ухаанаа өөрийн хүү Б.Одбаярт өвлүүлэн зааж, хүү нь сумын мянгат малчин болжээ. Хонин сүргийг хотлуулан өсгөж буй Янсангийн бууцанд өнөтэй сайхан өвөл болж байна. Төв сайхан нутгийнхаа 100 жилийн ойн босгон дээр улсын аваргаар тодорсон Н.Баярболдын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn