
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хуулийн төслийг танилцуулав.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотой эдийн засаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг авах зорилгоор нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, 1990 онд 560.6 мянган хүн амтай байсан нийслэл Улаанбаатар хот 2000 онд 747.1 мянга, 2010 онд 1.112.3 мянга, 2025 онд 1.768.1 мянган хүн амтай болж өссөн бөгөөд үүнтэй холбоотой авто замын түгжрэл, агаар, орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт гэх мэт үр дагаврыг бий болгоод байгааг сайд онцолсон
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн зорилт нь иргэдийн саадгүй зорчих нөхцөл, нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудал юм.
Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 1 жил 6 сарын хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, авто зогсоолын менежмент, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх асуудал, гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа шинэ шатанд гараад байна.Судалгаанаас харахад Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлагдах хүртэл хугацаанд буюу 2015 онд 72, 2016 онд 145, 2017 онд 253, 2018 онд 924, 2019 онд 576, 2020 онд 354, 2021 онд 138, 2022 онд 744, 2023 онд 202 нэгж талбарыг чөлөөлсөн бол хууль батлагдсаны дараа буюу 2024 онд 2082 нэгж талбарыг чөлөөлөөд байна гэлээ
Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөж барилгажуулах гэдгийг сайд тодотгосон.
Ирэх жилүүдэд “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээний дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дан ганц орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсээд байгаа бөгөөд газрыг өөрийг нь эргэлтэд оруулж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор нийслэлийн “Теле хяналтын камерын нэгдсэн төв” байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан бөгөөд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон 9 дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерийн хяналтын дэд төвүүдийг байгуулаад байна. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замд 2606 камер суурилуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх нөхцөл бүрдсэн гэв.
Хуулийн төсөлд нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн зохицуулалт, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч