2025.07.02

Х.Нямбаатар: Улаанбаатар хот дүрэмгүй хотын хэлбэр лүүгээ явж байгаа учраас хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр жолоочид хариуцлага тооцдог болъё

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан болно.

Даваагийн Цогтбаатар гишүүний асуултад, Нийслэл хотын захирагч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө.

Өдөрт дунджаар 5 сараас өмнө 600 гаруй мянган машин. 5 сарын 15-наас хойш дунджаар 580 мянган машин хөдөлгөөнд орж байгаа. 7 хоногт 3 төрлийн зөрчил дээр манай жолооч нар 5 сая зөрчил үйлдэж байгааЗамын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 15 төрлийн зөрчлийг код бичиж оруулаад зөрчлийг тоолохоор 7 хоногт 10 гаруй сая зөрчил үйлдэх гээд байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот дүрэмгүй хотын хэлбэр лүүгээ явж байгаа учраас бид нар хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр жолоочид хариуцлага тооцдог болъё. Үүнийг ирэх оны 1 сарын 1-нээс хэрэгжүүлье. Энэ болтол туршилтаар сануулах мессежнүүдийг явуулъя. Энэ тохиолдолд замын хөдөлгөөний түгжрэл 20-30% буурна гэдэг ийм статистик тооцоо гарч байгаа. Өөрөөр хэлбэл бүгд дүрмээрээ явдаг болсон тохиолдолд замын хөдөлгөөний хурд сайжирна, зөрчил багасна, эрчим нэмэгдэнэ гэдэг ийм статистик. Тэр утгаараа энэ нэмэлт өөрчлөлтийг энэ удаад оруулж ирж байгаа.