Ц.Баатархүү: Ил тод байдал, ардчиллыг хамгаалахад хиймэл оюуныг хэрэглэнэ
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
2025.04.08

Ц.Баатархүү: Ил тод байдал, ардчиллыг хамгаалахад хиймэл оюуныг хэрэглэнэ

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй ярилцлаа.

Яагаад хиймэл оюун гэж?

Хиймэл оюун (AI) бол бүхий л улс орны ирээдүйн өрсөлдөөний хамгийн гол талбар болж байна. 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт AI 25.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, Энэтхэг, Хятад хоёр улсын нийлүүлснээс илүү том эдийн засгийн нөлөөг хиймэл оюун авчирна гэсэн үг. Нөгөө талдаа, хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах зэрэг голлох салбарууд ашиглаж эхэллээ. Ингэснээр тухайн улсын аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн амин чухал хүчин зүйлийн нэг болж байна. Иймээс бид ч гэсэн энэ салбарт стратегийн бодлогоо тодорхойлохоос өөр аргагүй.

2017 онд Канад Улс анх хиймэл оюуны стратегиа зарласан. Түүний дараа, Хятад, Финлянд улсууд гээд өнөөдрийн байдлаар 77 улс хиймэл оюуны үндэсний стратегиа зарлаад байна. Биднийг өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг хэлэлцэж байх үед Франц Улсад дэлхийн удирдагчид цуглаж, мөн л энэ сэдвээр ярилцаж байна. Бид юун түрүүнд хиймэл оюун стратегиа тодорхойлохгүй бол энэ хөгжлөөс хоцорно.

Монгол Улс хиймэл оюуныг хөгжүүлэх, хэрэглээг дэмжихэд ямар бодлого баримталж, ямар арга хэмжээнүүд авч байгаа вэ?

Бид яг одоо хиймэл оюуны үндэсний стратегиа батлуулахаар ажиллаж байна. 100 жилийн өмнө эрчим хүч эдийн засагт эргэлт авчирсантай адил хиймэл оюун ирээдүйд бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Бүтээмж гэдэг бол эдийн засгийн өгөөж гэсэн үг. Манай улсад AI-ийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломж хангалттай бий. Гэхдээ энэ бүгдийн өмнө стратегиа зөв тодорхойлж, нийгмийн зөвшилцлийг бий болгох нь чухал байна.

Хиймэл оюуны үндэсний стратегийн гол зорилго юу вэ? Энэ стратеги ямар сал- баруудад хамгийн их нөлөө үзүүлэх вэ?

Хиймэл оюуны стратегийн гол зорилго нь Монгол Улс цаашид хөгжлөө хурдасгаж, дэлхийн тавцанд өөрийн гэсэн хиймэл оюуны орон зайг бий болгоход оршино. Ялангуяа, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, байгаль орчин гээд тэргүүлэх салбаруудад хиймэл оюуныг ашиглан, бүтээмжээ нэмэгдүүлье.

Үүнээс гадна тусгайлан уул уурхай, эрчим хүчний салбарт хиймэл оюуныг ашиглан дэлхийд өрсөлдөх боломжтой. Жишээ нь, хиймэл оюун өөрөө маш их эрчим хүчийг ашигладаг. Монгол Улс нүүрс, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Мөн сэрүүн уур амьсгалтай. Үүнийгээ ашиглан гаднын компаниудыг уриалах замаар хөрөнгө оруулалт ч татах боломжтой.

Бид тендер сонгон шалгаруулалтыг хүний оролцоо багатайгаар хиймэл оюуны тусламжтайгаар хийж чадсан. Үүнээс үзэхэд, хиймэл оюун нь Монголд авлигыг эрс бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж болон харагдаж байна.

Монголын хэл, соёл, уламжлалд суу- рилсан хиймэл оюуны загварыг хөг- жүүлэх тал дээр ямар бодлого барим- талж байна вэ? Эх хэлний загвар (LLM) боловсруулахад дэмжлэг үзүүлэх үү?

Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг болгохгүй, ил тод байдал, ардчиллын хамгаалагч болгоно. Технологийн дэвшлийг дэмжихийн тулд аль болох бага “хуульчилж, журамлана”. Хиймэл оюун ажиллах хүчнийг орлох бус, дэмжиж, боломжийг нээж, хамтарч ажиллана.

Мэдээж, хиймэл оюуны үндэсний стратегид энэ эсуудлыг маш тодоор тусгасан. Монгол хэлийг бид бүх түвшинд дэмжиж хөгжүүлнэ. Учир нь, хиймэл оюуны хамгийн чухал зүйл нь хэлний модель, түүнийг дагасан ярианаас текст хөрвүүлэх, текстийг яриа болгох гэх технологиуд. Тиймээс төрөөс энэ чиглэлийн компаниудыг төрөл бүрээр дэмжиж ажиллахад цаг ямагт нээлттэй байх болно.

Үүнээс гадна, хиймэл оюуны хамгийн чухал ойлголт болох “bias” гэх ойлголт байна. Том хэлний моделиуд зөвхөн нэг талыг барьсан, нэг талын мэдээлэл дээр суурилсан мэдээлэл гаргаж ирэх магадлал маш өндөр. Энэ нь сүүлийн үед олон улсад маш том сэдэв болж байна.

Тиймээс Монголчууд бид ч гэсэн дэлхийн олон сая хүний хэрэглэж буй чатботууд буюу эх хэлний моделиуд дээр өөрсдийн түүх соёл маань зөвөөр дурдагдаж буйд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь дэлхий нийт эдгээр моделиудаас л мэдээлэл авдаг болчихлоо. Ер нь, цахим орчин, тэр дундаа ирээдүй болсон хиймэл оюуны технологиудад Монгол Улсынхаа мэдээллийг үнэн зөв байлгах, хамгаалах чиглэлээр багагүй ажил хийх шаардлагатай.

Сүүлийн асуулт. Цахим хөгжил, инно- вац, харилцаа холбооны яам салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Бид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суурь шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор салбарын хуульчидтайгаа хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүний зэрэгцээ, шинэ дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сансрын тухай, дроны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан