Л.Соронзонболд: Цахим луйвраас болж олон залуус, иргэд хохирч буйг хамгаалахад тус хуулийн зохицуулалт чиглэнэ
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд
2025.03.14

Л.Соронзонболд: Цахим луйвраас болж олон залуус, иргэд хохирч буйг хамгаалахад тус хуулийн зохицуулалт чиглэнэ

Шинэ зүйл амьдралд нэвтэрмэгц хүмүүсийн сониуч зан хөдөлж, луйварт өртөх нь их байдаг. Төрийн зохицуулалт гарч амжихаас өмнө элдэв төрлийн үнэн, худал “койн” буюу цахим зоос олноор бий болж олон хүмүүс хохирогч болсон. 

Хуурамч койны түүх дуусаагүй байхад дэлхий цахим орчин дахь виртуал хөрөнгийн дараагийн шатны хөгжил рүүгээ оржээ. Цахим хөрөнгө гэх ойлголт шинээр бий болж эргэлтэд орсноос гадна биет хөрөнгийн үнэлгээг цахим зоосоор хийж, цаасан мөнгөн дэвсгэрт ч цахим хувилбартай болж байна. Европ, Америк, Ойрх Дорнод, Япон, Солонгос гээд хөгжлөөрөө тэргүүлэгч улсууд виртуал хөрөнгийн эрх зүйн орчныг сайжруулж эргэлтэд бүрэн оруулаад байгаа бол манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ хязгаарлагдмал хүрээнд өндөр хяналттай хэвээр байлгаж байна.

Монгол Улсад 2024.11 ДҮГЭЭР САРЫН байдлаар койн, виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй 92 тохиолдол бүртгэгдэв.

Виртуал хөрөнгө, цахим төлбөрийн хэрэгсэл Монголд хэрэгтэй. Учир нь газарзүйн байршлын хувьд Монгол Улс гуравдагч хөршүүдээсээ алслагдмал. Энэ орон зайг давж, эдийн засгийн харилцааг нээлттэй хөгжүүлэхэд орон зайнаас үл хамаарсан үнэ цэнтэй зүйлс, үйлчилгээнээс гадна тэдгээрийг солилцох цахим төлбөрийн хэрэгсэл чухал. Түүнчлэн гадаадад байгаа Монголчууд эх орондоо төлбөр мөнгө шилжүүлэх, худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхэд цахим мөнгө, виртуал хөрөнгийн эрх зүйн орчин шаардлагатай.

Монгол Улс криптовалюттай холбоотой харилцааг зохицуулах хуультай болно

Тэгвэл энэ хүрээнд "Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийн ахлагчаар Л.Соронзонболд, харин гишүүдээр Ж.Золжаргал, Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд:

"2016-2024 онд дэлхий даяарх виртуал хөрөнгийн зах зээлийн хэмжээ 13 дахин өсөж, 3.2 их наяд долларын хэмжээтэй зах зээл болсон байна. Өөрөөр хэлбэл энэ нь цаашид эдийн засагт гол байр суурь эзэлсэн салбар болж хөгжих чиг хандлагатай болж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн улс орнууд виртуал хөрөнгийг тодорхой ангилж, ангилал тус бүрт эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Манай улсын хувьд зөвхөн виртуал хөрөнгө гаргаж байгаа компаниудыг бүртгэдэг, тэдний арилжааг зохион байгуулдаг биржүүдтэй холбоотой хуультай. Одоо эрх зүйн зохицуулалтыг нь гаргаж өгөх шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд маш их хэмжээний мөнгө гадагшаа урсаж байна. Түүнээс гадна маш их хэмжээний хүмүүс хохирол амсдаг. Нэг ёсондоо цахим луйвраас болж олон залуус, иргэд хохирч байгаагаас хамгаалахад хууль эрх зүйн зохицуулалт чиглэнэ.

Монгол Улсын хувьд 920 мянган орчим хүн давхардсан тоогоор арилжаанд орсон бөгөөд ойролцоогоор 300-600 мянган хүн виртуал хөрөнгийн биржид бүртгэлтэй байна. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 12 биржээр бүртгэгдэхгүйгээр шууд гадаадын биржээр дамжаад виртуал хөрөнгийн арилжаанд орж худалдаа хийж байгаа хүмүүс ч олон байгаа гэж бодож байна" гэв. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан