Ж.Золжаргалж: Цахим мөнгө, виртуал хөрөнгийн эрх зүйн орчин шаардлагатай!
2025.03.12

Ж.Золжаргалж: Цахим мөнгө, виртуал хөрөнгийн эрх зүйн орчин шаардлагатай!

Инновац, цахим бодлогын байнгын хороонд энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдээлэл сонсоход койн, виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй 92 тохиолдлыг бүртгэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлсэн.

Улмаар Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоотойгоор ИЦББХ уулзаж, мэдээлэл авч, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар санал солилцсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал:

"Хуурамч койны түүх дуусаагүй байхад дэлхий цахим орчин дахь виртуал хөрөнгийн дараагийн шатны хөгжил рүүгээ оржээ. Цахим хөрөнгө гэх ойлголт шинээр бий болж эргэлтэд орсноос гадна биет хөрөнгийн үнэлгээг цахим цоосоор хийж, цаасан мөнгөн дэвсгэрт ч цахим хувилбартай болж байна. Европ, Америк, Ойрх Дорнод, Япон, Солонгос гээд хөгжлөөрөө тэргүүлэгч улсууд виртуал хөрөнгийн эрх зүйн орчныг сайжруулж эргэлтэд бүрэн оруулаад байгаа бол манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ хязгаарлагдмал хүрээнд өндөр хяналттай хэвээр байлгаж байна. Харин Монгол Улс ямар байр суурьтай цааш алхах нь зүйтэй вэ гэдэг асуулт энэ удаагийн УИХ, ИЦББХ-ны өмнө тавигдаж байна. Энэ зорилгоор ИЦББХ-аас Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон мэргэжлийн холбоодтой санал солилцож, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын ахласан Виртуал хөрөнгийн эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.

Виртуал хөрөнгө, цахим төлбөрийн хэрэгсэл Монголд хэрэгтэй. Газарзүйн хувьд Монгол Улс гуравдагч хөршүүдээсээ алслагдмал. Энэ орон зайг давж, эдийн засгийн харилцааг нээлттэй хөгжүүлэхэд орон зайнаас үл хамаарсан үнэ цэнэтэй зүйлс, үйлчилгээнээс гадна тэдгээрийг солилцох цахим төлбөрийн хэрэгсэл чухал. Түүнчлэн гадаадад байгаа Монголчууд эх орондоо төлбөр мөнгө шилжүүлэх, худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхэд цахим мөнгө, виртуал хөрөнгийн эрх зүйн орчин шаардлагатай байна.

Юуны өмнө олон улсын жишгийг даган улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох төгрөгийн цахим хувилбар ойрын ирээдүйд бий болох байх. Компаниудын хувьцааг токен хэлбэрээр гаргах нь арилжааг нэмэгдүүлж, хөрөнгийн биржийг идэвхжүүлнэ.

Барилга үл хөдлөхийг токенжуулснаар үнэ өсөж буй ирээдүйтэй байгууламжаас өөрийн боломжоор цөөн метр квадрат худалдан авч ашиг хийх боломж хувь хүнд нээгдэхээс гадна барилгын салбар сэргэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Монголчууд бол чөлөөтэй, хурдтай хүмүүс. Хүн болгон л худалдаа хийх сонирхолтой байдаг. Энэ онцлогт нь виртуал хөрөнгө, цахим төлбөрийн хэрэгсэл маш сайн тохирно. Заавал нэг төрийн оролцоо, төвлөрсөн удирдлага, том компаниар дамжуулах хэрэггүй болно. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Япон, Англид байгаа эцсийн хэрэглэгчдэд онлайнаар зараад төлбөрөө цахимаар эгшин төдийд авчих боломж гэсэн үг. Дэлхийн тэргүүний улсууд хөгжүүлээд, хөрөнгө оруулалт татаад явж байгаа энэ шинэ салбараас монголчууд хоцролгүй, хөл нийлүүлэх хэрэгтэй байна" гэв.

Эх сурвалж: Цахим Бодлого сэтгүүл