Хамгийн өндөр настай иргэнд байр бэлэглэв
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.10.26

Хамгийн өндөр настай иргэнд байр бэлэглэв

Монгол Улсын хамгийн өндөр настай хүн болох 108 настай Г.Нанжид гуайд өчигдөр ‘‘Бэрэн” компани гэрхорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй “Хангай” хотхондоо нэг өрөө байр бэлэглэлээ. Г.Нанжид гуай Баянзүрх дүүргийн XXI хороонд айлын хашаанд гэр барьж амьдардаг байсан аж. Ганц хүү нь 83 настайдаа нас баржээ. Тиймээс ганц ач хүүтэйгээ амьдрах болсон байна. Ач хүүгийнх нь нэг нүд хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй учраас 

ажил төрөл олдохгүи хүндхэн амьдардаг гэнэ. Монголын чөлөөт ахмадын холбооныхон уулзаж төр засагт гаргах хүсэлт бий эсэхийг лавлахад “Миний өндөр насыг хүндэтгээд дулаан ганц өрөө байранд амьдрах боломж олговол их баярлана” гэсэн аж. Тэр дагуу нь Монголын чөлөөт ахмадын холбооноос санаачилга гарган Барилга, хот байгуулалтын яаманд хандсан байна. Яамны зүгээс “Бэрэн” компанид санал тавьснаар тус компани нэг өрөө байр бэлэглэхээр болжээ. 

Энэ үеэр МАЧХ-ны тэргүүн Г.Баасан "Бэрэн компанийн хамт олон байр өгч байгаад маш баяртай байна. Манай холбоо 100-гаас дээштэй настай хүмүүсийн асуудлыг түлхүү анхаарч байгаа. Урьд нь 2008 онд тухайн үедээ хамгийн өндөр настай байсан Догсмаа гэдэг хүнийг санал болгож “Эко констракшн”-аас орон сууц өгч байсан. Хамгийн өндөр настай хоёр хүнийг орон сууцтай болгож байгаа нь энэ” гэв.