Ахмадуудад зориулсан сувиллын төвтэй болно
Ахмадуудыг дэмжин ажилласан байгууллагуудыг урамшуулна
Манай улсад 240 гаруй мянган ахмад настан байгаагаас 30-40 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар 12 гаруй мянга нь л хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь манай улсад ахмадаа дэмжиж, тэднээр хөдөлмөр эрхлүүлэх эрх зүйн тогтолцоогүйтэй холбоотой.
Хатуухан хэлэхэд Монголд тэтгэвэрт гарсан хүн хэн ч биш болон хувирдаг. Тэднийг ажилд тоож авдаггүй. Авсан ч жижүүр, цэвэрлэгч төдий ажил хийлгэнэ. Гэрээс гараад явахад чөлөөт цагаа өнгөрөөх газар ч ховор. Эцэст нь ач, зээгээ харах цалингүй албанд томилогддог.
Тэгвэл энэ бүхнийг шийдэж, ахмадуудаа төрөөс бодлогоор харж хандах зорилгоор “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам бямба гарагт зохион байгууллаа. 2013 онд анх Дархан хотод зохион байгуулсан уг зөвлөгөөнөөс гарсан бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийг энэ удаа хэлэлцсэн бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй ахмад оролцжээ. Тэдний хамгийн ихээр хүсэж, сонирхсон асуудлын нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байв.
2015 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь ахмадуудаа дэмжих ажлын нэг хэсэг байсныг УИХ-ын дарга онцолсон. Цаашид ахмадуудын хүсэн хүлээж буй хуулийн төслүүдийг УИХ-ын бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэж, шийдвэрлэхийн төлөө ажиллахаа тэрбээр хэлсэн.
Энэ хүрээнд ахмадуудад зориулсан тогтвортой ажлын байр бий болгох, хувиараа хөдөлмөр эрхлэхийг нь дэмжих эрх зүйн болон санхүүгийн боломжит орчин бүрдүүлж, ахмад настныг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн хамгаалал, алдагдсан чадварыг нөхөн сэргээж, сувилах талаар санаачилга гарган ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах эдийн засгийн хөшүүргийг ч хуульчлах шаардлагатай байгааг тэмдэглэв.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Хуучин Батсүмбэрийн ахмадын асрамжийн газрыг Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв болгож өөрчлөөд нэлээдгүй тэрбумын хөрөнгө оруулсан. Дэргэд нь нөхөн сэргээх, эмчилгээ, сувилгааны төв бүсчилж байгуулахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд 350-450 ортой сувиллын төвийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Ийм бүсчилсэн сувиллын төв таван газар байгуулахаар төлөвлөсөн” гээд ахмад настны насан туршийн хуримтлалыг гэр бүлд нь үлдээх эрх зүйн зохицуулалт хийх зорилгоор Хамтын тэтгэврийн тухай хуулийг удахгүй хэлэлцэх талаар мэдээлэв.
2012 онд батлагдсан Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцогдох тухай хуулийн хүрээнд 60 гаруй мянган ахмад хамрагджээ. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд тэтгэвэрт гарахад нь ахмад настныг бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байгааг сайд онцолсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настнуудын үндэсний сүлжээ байгуулах, тэдэнд зөвлөгөө өгөх зорилт дэвшүүлсэн байна. Энэ бүх бодлого, шийдвэр, хуулийн төслүүд ажил хэрэг болоосой хэмээн ахмад буурлууд хамгийн ихээр хүсч буйгаа илэрхийлэв.