Нэг хайрцаг тамхины үнийг 300 төгрөгөөр нэмэгдүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.10.26

Нэг хайрцаг тамхины үнийг 300 төгрөгөөр нэмэгдүүлнэ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун нар өнөөдөр ахмад настаны тэтгэврийг  нэмэх боломжийн талаар мэдээлэл хийлээ.

"Өнөөдөр улсын хэмжээнд 238 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөг авч байна. Тэдгээр ахмад настнуудын тэтгэврийг ирэх жил 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх санал гарган ажиллаж байна. Энэ хүрээнд архи тамхины татварыг нэмснээр уг мөнгийг олох боломжтой " гэж гишүүд онцолсон юм. 

Мэдээллийн үеэр татварын нэмэгдлийг хэрхэн хийх, ямар замаар тэтгэврийг нэмэх аргачлалын талаар дараах тодруулгыг авлаа. 

Та бүхий санаачилж буй 30 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийг хичнээн ахмад настан авах бэ? 

- Нийт тэтгэвэр авч байгаа ахмад настны 60 хувь буюу 97 мянган ахмад настан өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ авч байгаа.  2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг байхад үедээ 130 ам.доллартай тэнцдэг байсан. Одоо тэтгэвэр нэмэгдэж 230 мянган төгрөг болсон хэдий 115 ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь тэтгэврийн хэмжээ 2012 оноос хойш эдийн засгийн үзүүлэлтээрээ 10 хувь буурсан гэсэн үг. Үүнийг дагаад ахмадуудын амьдралын чанар ч алдагдаж байгааг онцолмоор байна. 

- Тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдах мөнгийг хаанаас босгох боломжтой бэ? 

- Тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдах мөнгийг бид сард  2.9 тэрбум, жилдээ 34.9 тэрбум төгрөгөөр тооцоолсон. Үүнийг архи тамхины онцгой албан татварыг нэмэх замаар олох боломжтой гэж үзэж байгаа.

Тодруулж хэлбэл, энэ оны эхэээс эхнээс хэрэгжиж буй архины 25 хувийн татвар бууруулсан бодлогыг өөрчилж, хэвэнд оруулах, тамхины татварыг нэмэгдүүлэх замаар  62 тэрбумыг төсөвт төвлөрүүлэх боломжтой. Эндээс 34.9 тэрбумыг нь тэтгэврийн нэмэгдэлүүлэхээр шилжүүлэхээр хуульд тусгаж өгсөн байгаа. 

Тамхины тавтарын хэмжээг  яг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолсон бэ? 

- Манай улс тамхийг маш хямд үнээр худалдаалдаг. Одоо манай улс 100 ширхэг тамхинаас 2 ам.долларын  татвар авч байгаа. Энэ нь жижиглэнгийн 16 хувийн татвар авч байгаа тоон үзүүлэлт юм. Гэтэл олон улсад энэ тоо 60 хүртэлх хувьд татвар авч байгаа. Бид систем рүү оруулах бодлого барина гэсэн үг. Одоо зах зээл дээр хамгийн түгээмлэг зарагддаг "Цагаан шонхор" тамхи 1600 төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй хямд өртөг. Үүнийг хуулийн зохицуулалтаар өөрчилж,  тамхины нэг хайрцаг тутмын үнийг 300 төгрөгөөр нэмэхээр хуульд тусгаж өгсөн. 

УИХ-д архи, тамхины бизнестэй нэлээд гишүүд бий. Та бүхний санал үнэхээр дэмжигдэх боломжтой гэж харж байна уу? 

- Ашиг сонирхлын зөрчлийн үүднээс тэдгээр гишүүд байр сууриа илэрхийлэх, санал өгөх эрхээс сайн дураар татгалзах учиртай. Бид архи, тамхины бизнестэй гишүүдэд санал өгөхгүй байх шаардлага тавина. 

- Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг  анхаарах асуудал хөндөгдсөөр байна. Тамхи таах цэг л гэхэд 300 сая төгрөг зарцуулж босоод, өнөө хэр ашиглагдахгүй байгаа. Энэ тухайд? 

- Парламент хуулиа батлаад явдаг. Үүнийг хэрэгжүүлэх, хяналтад анхаарах чиг үүрэг бүхий төрийн байгуулагууд байна. Гэхдээ үүнд хамгийн гол нь олон нийтийн сэтгэхүй нөлөөлдөг. Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг би хам орчны бохирдол байхгүй болсон гэдэг утгаар сайн хэрэгжиж байгаа гэж ойлгодог. Энэ хууль батлагдсанаас хойш тамхи татдаггүй хүний хажууд нийтийн үйлчилгээний газруудад тамхи татах явдал алга болсон. Хуулийн гол зорилго энэ байсан.

Тэр 300 сая төгрөгийн өртөг бүхий тамхи татах цэг байгуулах асуудлыг би анхнаас нь эсэргүүцэж байсан. Би Нийслэлийн холбогдох албаны хүнийг өрөөндөө дуудаад ч хэлсэн. "Та нар ингэж мөнгө угаах ажил хийж болохгүй. хажуудаа сандал бүхий хогийн сав, тэмдэглэгээг маш бага зардлаар гудманд байрлуулах боломжтой"  гэх саналаа ч хэлсэн. Угаасаа тамхи татах шилэн цаг Олон улсад байдаггүй. Олон улсад хэрэгжээгүй тийм цэг манайд хэрэгжихгүй нь тодорхой байсан. Энэ ажлыг хийсэн нэр бүхий төрийн албаныхныг би хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргана.