Архи тамхины татварыг нэмснээр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой
Монгол Улсын хэмжээнд 238 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаа бөгөөд үүний 60 хувь нь буюу 97 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа тапаар өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.
Энэ нь ам.долларын ханштай харьцуулан үзвэл 2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянган төгрөг байхад 130 ам.доллартай тэнцэж байсан бол 2015 онд 230 мянган төгрөг болж нэмэгдсэн боловч энэ нь өнөөдрийн ханшаар 115 ам.доллар болж даруй 10 хувиар буурсан гэдгийгхэлсэн юм.
2016 оны өсөв хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийн хямралаас шалтгаалан цалин тэтгэврийг нэмж чадахгүй гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа ч тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх эх үүсвэрийг архи, тамхины татварыг нэмэгдүүлснээр олох боломжтой гэсэн тооцоо гаргасан гэдгийг хэлсэн юм. 2014 онд архи, тамхины онцгой албан татвараас нийт 312 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 2015 оны нэгдүгээр сард дээрх онцгой албан татварт нэмэлт өөрчлөлт оруулж архи, тамхины татварыг бууруулснаар 2015 онд нийт 250 тэрбум төгрөг төсөвт төвлөрч архи, тамхины үйлдвэрлэгч, импортлогч нарт 62 тэрбум төгрөгийн татвараас хэмнэсэн ашиг очсон байна.
Тиймээс архи, тамхины татварын хэмжээг 2014 оны хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлснээр 62 тэрбум төгрөгийг 2016 онд төсөвт төвлөрүүлэх боломжтой гээд хамгийн багаар тэтгэвэр авч буй 97 мянган ахмадын тэтгэврийг сард 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нэг сард 2.9 тэрбум, жилдээ 34.8 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд архи, тамхины татварыг нэмэгдүүлсэн эх үүсвэрээр тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлж байгаа гэсэн юм.