Мэндчилгээ
"Олон улсын ахмадын өдөр" өнөөдөр тохиож буйтай холбогдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүндэт ахмадууд аа! Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Бид өөрийн аливаа зөв үйлдлээ өвөг дээдэс, ахмад үеийнхээ сайн үйл ажиллагаа, нэр алдартай холбон боддог эртний ёс заншилтай ард түмэн. Энэхүү ёс заншил, өв соёл, өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг залуу үеийхэндээ өвлүүлэн үлдээх, оюуны залгамж халааг үргэлжлүүлэх нь бид бүхний түүхэн үүрэг билээ.
Монгол улсын эдийн засаг, санхүүгийн чадавхи хангалттай түвшинд биш байгаа ч төрөөс ахмадуудаа ая тухтай, элбэг хангалуун, сэтгэл амар амьдрах боломжийг бий болгох үүргийг хүлээн бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан 10 дугаар сарын 17-ны өдөр “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” Үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настны хөгжил, хамгааллын талаар дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх талаар та бүгдийн санал бодол, зөвлөмжийг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллахаар төлөвлөснийг дуулгая.
Төр, засаг та бүгдийн амьжиргааг дээшлүүлэх, ая тухтай орчин бий болгох, нийгмийн оролцоог нь хангах, хөгжүүлэх талаар цөөнгүй шийдвэрүүд гаргасан. Гэвч өнөөдөр энэ бүгдийн хэрэгжилт санасан үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь санхүү, хөрөнгө оруулалт дутагдалтай байгаатай холбоотой ч салбар хоорондын уялдаа, ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагаас ихээхэн хамаарч байгаад дүгнэлт хийж ажиллах болно.
Та бүхнийг ажлын их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээ хүүхэд залууст өвлүүлэхэд анхаарч, манлайлан ажиллахыг уриалж байна.
Та бүхэндээ урт нас, удаан жаргалыг хүсье!
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ