Төрийн шийдвэрийн гол анхаарах цэг ахмадууд байх ёстой
Нийгмээс гадуур, тусгаарлагдсан гэх ахмад настангуудын эрх ашгийн төлөө тэртээ 2005 онд байгуулагдаж байсан Монголын чөлөөт ахмадын холбоо өдгөө 10 жилийг ардаа үлджээ.
Хүйтэн өвөл гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, өөрсдийн амьдралын сайн сайхны төлөө тэмцсэн тус байгууллага өөрсдийн түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг гурав хоногийн хугацаатай нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр МЧАХ-ны тэргүүн Г.Баасантай товчхон ярилцлаа.
-Тэгэхээр өнөөдрийн зохион байгуулж буй үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй ярьна уу ?
МЧАХ-ны үйл ажиллагаа эхэлснээс хойш бүтэн арван жил өнгөрч, үүнийхээ ойд зориулан фото зургийн үзэсгэлэнг нээлээ. Манай байгууллагын хувьд арван жилийн өмнө аль нэг улстөрийн зорилгоор бус үнэхээр нийгмийн захиалгаар байгуулагдсан.
Нийт 115 фото зураг болон таван биет зүйлсээр баяжуулсан үзэсгэлэнг гурав хоногийн хугацаатай гаргаад байна. Ахмад настангуудын асуудал бол нилээд өвөрмөц. Учир нь эдгээр хүмүүс нийгмийн тэргүүлэх хүч байх ёстой. Тиймээс ахмадууддаа халамжын тухай болон даатгалын тухай хуулиудыг гарын авлага болгон өгсөн.
-Ер нь ахмадын холбоо хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ ?
Манай холбооны үйл ажиллагаа зөвхөн Нийслэл хотын биш үндэсний хэмжээнд ажиллаж байна. Бидний хувьд Засгийн газрын тогтоолоор ажилладаг. Үндсэн 11 орон тооны бус 6 хүний бүрэлдэхүүнтэй. Түүнчлэн 21 аймаг, 270 сум, 170 гаруй суманд байгаа салбараар дамжуулан орон нутгийнхаа ахмадуудад хүрч ажиллаж байгаа.
-Өнгөрсөн арван жилээ дүгнээд харвал ?
Өнгөрсөн арван жилд тэтгэврийн асуудлыг маш шинэ шатанд гаргаж чадсан. Тэр үед тэтгэврийн дундаж хэмжээ 37050 төгрөг байсан бол одоо 283800 төгрөг болж нэмэгдсэн.
Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 32000-аас 230000 өссөн. Энэ бол ахмадуудын эдийн засгийн байдлыг нэлээн нэмэгдүүлсэн гэсэн үг. Түүнчлэн ээж нарт ямар нэгэн тэтгэлэг байгаагүй. Харин одоо Алдарт эхийн 1,2 одонтой ээжүүд 100-200 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. Түүнчлэн ахмад дайчдын асуудлыг бүрэн шийдсэн.
Тэдгээр хүмүүст 35 сая төгрөгтэй тэнцэх орон сууц, сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг өгч байгаа зэрэг ажил хэрэг болгосон томоохон дэвшилтэт зүйлүүд бий.
-Монголын чөлөөт ахмадын холбооны цаашдын зорилго юу вэ ?
Монголын ахмадууд нийгмийн тэргүүлэх хүч, төрийн шийдвэрийн гол анхаарах цэг байх ёстой гэж боддог. Түүнчлэн ахмадууд маань эрүүл, эв нэгдэлтэй байж хойч үеэ сурган хүмүүжүүлж, нийгмийн сайн сайхныг өвлүүлэх түүхийг бичилцэх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргийг бид ухамсарлах ажлыг шат дарааллан зохион байгуулж байгаа.