Г.Баасан: Бид хятадын банаг гэр шиг болчихлоо
Монголын ахмадын чѳлѳѳт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.
-Сайн байна уу. Та сүүлийн үед яагаад улс төрийн тэмцэл хийхээ больсон бэ. Энд тэнд харагдахгүй нам гүм амьдрах боллоо. Монголын ахмадын чөлөөт холбоондоо бүх анхаарлаа хандуулан ажиллаад байна уу?
-Манай ард түмэн улс төрийн тэмцлийг зөвхөн Чингисийн талбай дээр жагсаал, цуглаан хийхээр төсөөлдөг. Энэ бол учир дутагдалтай. Хүн бүр гэртээ улс орон минь ямар байх вэ гэж бодохын тулд улс төрийг маш ихээр сонирхож байх ёстой юм. Ард түмэн улс төрөөс хол байна гэдэг нь өөрийгөө хүн ёсноос гадуур тавьж байна гэсэн үгтэй утга ижил. Тийм учраас миний улс төрийн тэмцэл эрч хүчтэй хэвээр байгаа. Тэгэхдээ жагсаалаасаа дээшээ ахиж, хуулийн хэмжээнд улс төрийн тэмцэл хийдэг болсон.
Би өнгөрсөн хугацаанд МУИС-ын Хуулийн сургуульд магистр хамгаалсан. Үнэхээр Монгол улс хуулийн дор эрх зүйт Төр байгуулах гэж байгаа бол хуулийг дээдлэн, залхууралгүй унших хэрэгтэй. Энэ хууль надад хэрэгтэй юу, миний амьдралыг зохицуулж чадаж байна уу гэдгээ хянаж байх ёстой юм.
Түүнээс биш би тэр намын хүн гэж цээжээ дэлдвэл, энэ цөөхөн ард түмэн маань бутрах, унжихын эхлэл болно гэж өөртөө ойлгодог.
-Хууль тогтоогчдын гаргаж байгаа хуулиуд өнөөдрийн амьдралд хэр үр дүн, нөлөөгөө өгч байгаа гэж боддог вэ?
Одоогоос 11 жилийн өмнө Монгол улсын газар нутгийн дөрөвний нэгийг лицензээр 60-100 жилээр өгчихжээ гэдгийг манай Монголын ахмадын чөлөөт холбооныхон зарлаж байсан. Тэр үед хүмүүс огт ойлгодоггүй байлаа. Гэтэл өнөөдөр лиценз нэрээр газраа ухуулаагүй уул, нуруу, газар нутаг алга.
Манай улсад 400 гаруй хууль батлагдсан. Эдгээр хуулийг бүгдийг нь уншиж үзсэн хүн нэг ч байхгүй. Хүмүүс өөрийн амьдралд асуудал гарахад л түүнтэй холбоотой хуулиа уншиж үздэг. Гэтэл тухайн хүний эрхийг хамгаалж чаддаггүй. Хүмүүст хуулийг дээдлэх, унших мэдрэмж муу учраас хууль хуурамч, амьдралд нийцтэй батлагдаж гардаггүй.
Яагаад гэвэл, хуулийг тогтоож байгаа хүмүүс нийгмийн амьдрал дунд ордоггүй. Өөрсдөө ард түмний амьдралаас хол агаарт амьдардаг.
Өөрөөр хэлбэл, энгийн амьдралтай улсаас тэс өөр орчинд амьдардаг хүмүүс хууль тогтоодог. Тэд өөрсдийн үзэмжээр, өөртөө ашигтай хууль тогтоодог. Тэдний ашиг хайсан хууль тогтоомж нь монголын ард түмнийг амьдралыг туйлдуулж, газар нутаггүй болгож, монголчуудын үндэсний үзэл оюун санааг хоосруулж байна.
-Таны хувьд ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Дэвшинэ. Би 2016 онд Баянзүрх дүүргээс бие дааж нэр дэвшинэ. Дэвшихээс ч өөр арга алга. Би нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 100 мянган хүнтэй чөлөөтэй уулздаг. Тэдний сайн сайхан, болохгүй байгаа, шинэ санаачлага, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйл миний чихээр орж, бодит ажлын маань үндэс болдог. Тийм ч учраас би УИХ-д сууж, хууль тогтоогч болох ёстой гэж үзэж байгаа.
Одоогоос 10 жилийн өмнө таньтай Чингисийн талбайд тэмцэж явсан Г.Уянга, Ж.Батзандан нар хууль тогтоогчид болсон. Гэвч урьдын шигээ олигархуудтай тэмцлээ хийхгүй, аар саархан зүйлээр хэл ам хийж суудаг болсон мэт сэтгэгдэл иргэдэд төрүүлж эхэлсэн шүү дээ. Хэрэв та УИХ-ын дараагийн гишүүн боллоо гэхэд иймэрхүү асуудал гаргахгүй гэсэн баталгаа бий юу?
Нэгдүгээрт, Ж.Батзандан, Г.Уянга нарын чимээтэй, чимээгүй байх асуудлыг би мэдэхгүй л дээ. Тэр хүмүүс өөрсдөө ярих байх.
Хоёрдугаарт, би УИХ-д суух юм бол бусад 75 хүнээ нэг ч удаа амраахгүй, ажиллуумаар байна. Яагаад гэвэл, өнөөдөр улс орон хэцүүдсэн. Миний өөрийн үр хүүхдийн хувь заяа аягүй хүнд байна. Тиймээс энэ хэцүү байдлаас бид ангижирхыг хүсч байна. Монгол улс тусгаар тогтнолтой улс гэдгээ харуулмаар байна.
Өнөөдөр бид гадаадын орны талхидаг нэг газар болчихлоо. Хатуухан үнэнийг хэлэхэд бид Хятадын банаг гэр шиг болчихлоо. Банаг гэр гэж мэдэх үү? Хүний хэрэгцээг хангадаг гэж байдаг юм шүү дээ. Мөн гадаадын мафиуд орж ирэн юу ч хийж болдог эзэнгүй улс болжээ. Тийм учраас бие биеэ хүлээн зөвшөөрдөг, захиргаатай, цадигтай баймаар байна.
-Та одоогоор ямар нэг нам эвсэлд харъяалагдаж байна уу?
-Ямар ч намын гишүүн бус.
-Та Монголын ардчилсан холбооноос хүний эрхийн шагналаар шагнуулж, хоёр өрөө байртай болсон. Түүнээс хойш холбооны ажлаасаа бусад зүйл оролцохгүй, нам жим амьдралыг эрхэмлэх болсон мэт санагддаг?
Та сэтгүүлч хүн байж ямар ташаа ойлголттой явдаг юм бэ. Би түүнээс хойш нам жим болоогүй. Үнэхээр Г.Баасанг нам жим амьдарч байна гэж бодож байвал, өдөр бүр намайг дагаж, мөрдөж мөшиж бай. Тэгж байж таг чиг амьдарч байна уу, үгүй юуг мэднэ.
Та хэрэв УИХ-д суувал, хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
Би цагтай уралдаж ажил хийдэг. Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаална. 10 жилийн өмнө батлагдсан хуулийг дийлэнх ахмадууд өнөөдөр мэдэхгүй байгаа. Би 21 аймагт явж, хуулийг нь гар дээрээ тараагаад, хуулийг өөрчлөхийн тулд бүгдийнх нь саналыг сонсож, хүлээн авсан.Одоогоор надад 70 мянга орчим ахмадаас авсан санал байна. Тэднийг бүгдийг нь уншиж, дүгнэж, нэгтгээд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өгсөн. 70 мянган хүний санаа бодлыг толгой дараалан уншихад ямар их цаг орох вэ гэдгийг та тооцоолоод үзээрэй.
Мөн тэтгэвэрийн зээлийн асуудлыг би гурван жил хөөцөлдөж байна. Ахмадууд үхсэн ч тэтгэвэрийн зээлтэйгээ тэнгэрт хальж байна.
Хүн энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг бол, манай ахмадууд өрөндөө баригдаад, үр хүүхдэдээ өр үлдээгээд нас эцэслэж байна. Энэ асуудлыг хамгийн түрүүнд шийднэ.
-Тэтгэвэрийн насыг нэмэх асуудалт яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
Би үүний эсрэг байр суурьтай байгаа. Өнөөдөр тэтгэврийн насны 55-60 настай бүү хэл, 35 настай хүнд байр орон сууц олдохгүй байна. Ийм тохиолдол тэтгэвэрийн насыг нэмэх нь тэднийг цаазаар авч байгаатай адилхан. Тиймээс би эрс эсэргүүцэж байна. Өнөөдөр манайд ажлын байрны хүрэлцээ ямар байгаа билээ. Ийм нөхцөл байдалд байж тэтгэврийн насыг нэмнэ гэж ярих нь маш буруу зүйл юм.
-Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх ёстой гэлээ үүнийгээ тодруулахгүй юу?
-Тэтгэврийн гол үзүүлэлт нь нас мөн ч тогтолцоо хамгийн чухал л даа. Манай хуучин тогтолцоо ганцхан социалист нийгэмд тохирсон хуарангийн тогтолцоотой. Нийтээр нь ижил хэмжээний тэтгэвэр тогтоох жишээний. Гэтэл гадаад улсад шал өөр тогтолцоо үйлчилдэг. Тэр хүн хэдий хэр хэмжээний мөнгийг тэтгэвэрт гарах хүртлээ хуримтлуулсан байна. Тэр нь хүүтэйгээ байж байдаг. Манайд бол уул уурхайн баялгаас орж ирэх орлогоос тодорхой хувь хэмжээг ахмадуудын тэтгэвэрт зориулаад хадгалах боломж байгаа. Гэвч тэгж чадахгүй байна.
Тэтгэвэр гэдэг бол төрөөс өгөөд байгаа мөнгө биш юм. Ахмадууд улсад төлсөн мөнгөө эргүүлж авч байгаа л хэрэг. Энэ бүхнийг эхнээс нь өөрчлөх хэрэгтэй.
-Одоохондоо нас нэмэх асуудлыг судалж байна гэсэн. Үнэхээр нэмэхээр болбол яах вэ?
Тэтгэврийн насыг нэмэх үү үгүй юу? Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх үү гэдгийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Энэ зөвхөн өнөөдрийн ахмадуудын тэтгэврийн асуудал биш. Маргааш тэтгэвэрт гарах, 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуусын асуудал байхгүй юу. Тэгэхээр маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж ард түмний саналыг сонсох нь зүйтэй.
-Тэтгэврийн насыг нэмэх асуудлыг ахмадууд хэрхэн хүлээж авсан бэ?
Сая хэд хоног энэ асуудал нэлээд яригдлаа. Манай ахмадууд маш хүндээр хүлээж авч бидэнд хандлаа. Энэ хэд хоногт манай утас маш завгүй дуудлагатай байлаа. Одоо хоёрхон жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа хүн ч ярилаа, дөрвөн хүүхэд гаргаад 50 хүрээд хоёрхон сарын дараа тэтгэвэрт гарах гэж байгаа хүн ч байна. Тэд бараг амиа хорлох нь наагуур юм болж байна л даа. Тэгэхээр өнөөгийн нийгэм ийм л байдалтай байна.
-Тэтгэврийн дундаж хэмжээ хэд байдаг вэ?, Тэтгэврийн дээд доод хэмжээ ялгавартай байна гэх шүүмжлэл байнга гардаг. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнөөдөр манай улсын цалингийн дундаж хэмжээ 700 гаран мянга байна. Тэгвэл тэтгэврийн дундаж хэмжээ цалингийн 70 хувьтай тэнцэж байх ёстой. Тэгэхээр 400 гаран мянга байж таарах нь дээ. Харин манайд тэтгэврийн дундаж хэмжээ 240 мянга байна. Тэгэхээр ахмадууд ядуурлын доод түвшинд амьдарч байна. Ер нь манайхан тэтгэврийн дээд доод хэмжээ гэж ярих хэрэггүй байгаа юм.
-Өчигдөр МУГЖ, дуучин С.Жавхлан нарын хүмүүс улс төрийн тэмцлээ үргэлжлүүлж, үсээ хуслаа. Та үүнийг юу гэж бодож байна?
Яахав, үсээ хусдаг л юм, үс ургадаг л юм. Ямар толгойгоо авах гэж байгаа биш. Монголын ард түмэн нэгийгээ мэдрээд үг хэлэхээр бүгдээрээ ирж тэмцдэггүй том дутагдалтай. Өөрт нь асуудал тулгараагүй учраас “Өө Г.Баасан мангар, тэнэг” гэдэг. Түүнээс биш энэ хүн миний төлөө тэмцэж байна гэж хардаггүй юм. С.Жавхлан үсээ хуссан ч, үс нь ургана. Гэвч тэр хүн монголын ард түмэн тэмцэх ёстой гэдгийг харуулах гэж үсээ хусч байгааг та нар ойлгох ёстой. Тэмцэг. Гэртээ сууж хүн муулж сууснаас, тэмцэж явсан нь хавьгүй дээр.