Хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсээр байх уу
Монгол Улс 220 мянган ахмадтай
2015.10.01

Хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсээр байх уу

Монгол Улс 220 мянган ахмадтай. Харин 2040 он гэхэд манай нийт хүн амын 16 орчим хувь нь ахмад настан болно гэсэн урьдчилсан судалгааг мэргэжлийн байгууллага гаргажээ.

Өнөөдрийн тухайд улсын нийт хүн амын 10 хүрэхгүй хувийг ахмадууд эзэлж байгаа бол 30 жилийн дараа энэ тоо 700 мянга болно гэсэн үг. Үүнийг дагаад хүүхэд багачуудын цэцэрлэгийн асуудал гэж ярьдаг байсан нь ирээдүйд буюу 2040 он гэхэд ахмадуудаа яах вэ гэдэг тулгамдсан асуудлаар солигдож магадгүй байна. 

Түүнчлэн НҮБ-ын тооцоогоор 2030 он гэхэд 60-аас дээш насны ахмадуудын тоо 1,4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 20 хувийг эзэлнэ гэж үзэж байгаа аж. Энэ утгаараа ирээдүйд ахмад настнууд нийгмийн дунд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт өнөөдрөөс эхлэн бэлтгэж, нас дорой болсон эсэхээс үл хамааран хүний ёсоор эрхээ эдлэн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд нийгэм анхаарах шаардлагатай байна гэдгийг дэлхий нийт ярьж байна.

Манай улсын тухайд ч одооноос эхлэн энэ чиглэлийн хууль эрх зүйн бодлогоо сайжруулаад бэлтгэлтэй явах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.

Өдгөө амьд сэрүүн буй 220 мянган ахмад настнуудын 20 орчим хувь нь түр болон байнгын ажлын байранд жижүүр, манаач багш, зөвлөх гэх мэт ажил эрхэлж байна. Харин үлдсэн 80 хувь нь  ач гучаа харах, сургууль цэцэрлэгт нь зөөх, хоол хийх гэх мэтээр өртөг бүтээх үйл явцад хувь нэмрээ оруулдаг. Үүнээс улбаалаад ахмадуудыг зөвхөн хүүхэд өсгөх гэх мэт хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсээр байх уу гэдэг асуулт тулгардаг нь нууц биш. 

Ахмадууд нийгмийн гадна үлдэхгүйн тулд нийгмийн хурдацтай хувьслыг дагаж хөгжих шаардлагатай

Энэ талаар салбарын сайд С.Эрдэнэ, “Ахмадууд нийгмийн гадна үлдэхгүйн тулд нийгмийн хурдацтай хувьслыг дагаж хөгжих шаардлагатай байна, цахим ертөнцтэй харьцаж, чийрэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал,  ахмадын спортын төрлүүдээр хичээллэх хэрэгцээтэй байгаа. Гэтэл бодит байдалд зуны цагт сүүдэр бараадаж гадаа нарлахаас  өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн чадавх бараг алга гэж үзэж болно” хэмээн санал нийлж буйгаа илэрхийлжээ.

Ерөнхийдөө ахмадуудад чиглэсэн цогц хуулийн төслийг боловсруулан батлуулах шаардлага нэн тулгамдсан асуудал болоод байгааг салбар яамнаас анзаарч өнгөрсөн хугацаанд Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийг суурь болгон шинэчилж, энэ намрын чуулганаар их хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөжээ.

Нийгмийн халамж хамгаалал шаардлагатай ахмадуудыг төр бүрэн халамж, хамгаалалдаа авч, хөдөлмөрийн чадамжтай ахмад настнуудад хөдөлмөр эрхлэх боломжийг олгох асуудал мөн л тулгамдсан асуудал хэвээр байна. Гэвч энэ талаар эхнээсээ бага гэлтгүй ажил хийгдээд явж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд монголын “Ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээ”-г зохион байгуулж, мэдээллийн нэгдсэн санг үүсгээд ажил хөдөлмөр эрхлэх бололцоог ХАХНХЯ-аас олгохоор ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал, нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулаад одоогийн байдлаар нэг тэрбум төгрөг зарцуулаад ахмад настны зөвлөх үйлчилгээг амьдралд нэвтрүүлжээ. Гурваас доошгүй ахмад настан нийлж баг болоод төслөө бичээд Хөдөлмөрийн хэлтсээс санхүүжилтээ аваад хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнчлэн дан ганц ахмад гэлтгүй ахмад настны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-д оролцдог байна. Тухайлбал, Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын чөлөөт холбоо, “Таны төлөө” ТББ гэх газрууд нийтдээ 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан талаар салбарын яамнаас гаргасан тайланд дурджээ.

Эцэст нь өгүүлэхэд, ахмад настнуудын тухайд дээр өгүүлсэнчлэн зөвхөн хүүхэд харуулах бус тэдний туршлагыг салбар бүрт ашиглаж, хөдөлмөрийн тодорхой нөөц хэмээн үзэх нь эрүүл хандлага юм.