2021.01.21

Д.Ганбат: Асар их баялагтай манай улс яагаад ядуу хэвээрээ байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Хөгжлийн бодлого гэж их олон жил ярьж байгаа. Нэг нам гарч ирвэл дараагийн нам гарч ирээд яриад байна. МАН энэ онд 100 жилээ тэмдэглэнэ. Монгол Улсад дөрвөн жил Богд хаант улсын үед Засгийн газартай байсан. Бусад 92 жилд нь АН Засгийн газраа байгуулж хөгжлөө авч явж байсан байна. Дөрвөн жилд нь АН ажилласан. Тэгээд энэ хооронд яаж хөгжсөнийг харахаар маш ичмээр, эмгэнэлтэй байна.

Та бүхний очих дуртай газар Сингапур улс 30 жилийн өмнө загасны тосгон байсан одоо ямар болсон байна. Өмнөд Солонгос 1960 онд үгээгүй ядуу орон байсан одоо ямар байна. Гэтэл одоо Хойд Солонгос ямар байгаа талаар манайд ирж кино хийдэг болсон байна. Бидний байгаа байдал ийм л байна. Баахан цаас үйлдвэрлээд хөгжиж байгаа юм алга. Монгол Улс газар нутгаараа дэлхийд 16-аад ордог, IQ-рээ эхний тавд ордог. Хөрсөн дээрээ 70 сая малтай, хөрсөн доороо баялгаар дүүрэн.

Ийм улс орныг ийм байдалтай авч явж байгаа нь маш харамсалтай байна. Тухайлбал ажилгүйдэл, ядуурал хэдэн хувь буурах уу? Тэдэн онд, тэдэн хувиар багасна гээд тодорхой юм ярих хэрэгтэй байна. 

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Олон цаас үйлдвэрлэдэг байдал энэ хууль батлагдаад, институц ажиллаад ирэхээр байхгүй болох юм. Энэ хууль батлагдсанаараа их хурал урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны долоон зорилт хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн төлөвлөгөө гэсэн таван төрлийн бичиг баримт батална.  Энэ таван төрлийн төлөвлөгөөнөөс өөр янз бүрийн зүйлс их хурал руу орж ирэхээ болих болно. Яам бүр сайн дураараа янз бүрийн юм оруулж ирэхээ болино. Ингэж нэг цэгцтэй нэг бодлоготой болъё.