Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2020.04.17

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ..." гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна..." гэж тус тус заасан.

Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол баталж, хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуваарийг хавсралтаар баталсан. Уг хавсралтад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

 Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэсэн болно.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцрэх ач холбогдолтой гэж байлаа. 

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах нөхцөл бүрдэнэ. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

 Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төслүүд болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, О.Баасанхүү нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  

 Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, “Алсын хараа-2050” зэрэг хөгжлийн бодлогын үзэл баримтлал, баримт бичгүүдийн хуулийн төсөлд зохицуулсан эсэх, үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн төрийн захиргааны байгууллагын статусыг тодорхой тусгасан талаар тодруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар бодлогын баримт бичиг батлахын зэрэгцээ тайлагналт, дүгнэлтэд анхаарах шаардлагатайг тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэхдээ, Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн бодлого буруу биш хэрэгжүүлэгчид нь буруу байсныг тэмдэглэв.

Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг бид баталсан. Дараагийн 30 жилийн хөгжлийн төлөвлөлтийг тусгасан “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцээд Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ Ажлын хэсэгт Байнгын хорооны дарга нар, улс төрийн намын төлөөллийн оролцоог хангаж “Тогтвортой  хөгжлийн үзэл баримтлалд” дэвшүүлсэн зорилтуудаа “Алсын хараа-2050”  урт хугацааны хөгжлийн бодлогод шингээж, уялдуулж, ганцхан бодлогын баримт бичигтэй болох зорилт тавьж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, хүний хөгжлийг хангах урт хугацааны ганцхан баримт бичигтэй байж, үүнийгээ дунд, богино хугацааны хөтөлбөрүүдтэй харилцан уялдуулж баталдаг байхаар хуульчилж өгсөн гэв.

Мөн тэрбээр, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт багтсан.  Энэхүү хуулийн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд энэ нь үндсэн чиг үүргийн яам байхаар тодорхой тусгасан. Түүнчлэн уг яамыг Монгол Улсын Шадар сайд толгойлно гэж зааснаар эрх зүй, статусыг тодорхой болсныг онцлов.

Өнгөрсөнд зах зээлийг эрэлт, нийлүүлэлт буюу үл үзэгдэгч гар зохицуулна гэж бодлогын асуудлаа хаяж ирсэн бол өнөөдөр дэлхийд хөгжлийн бодлогоо хэн сайн төлөвлөж, аудитын байгууллагаар хянуулж, алдаа дутагдлаа засч сайжруулсан нь илүү хөгжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хариултдаа тодотгоод энэхүү хуулийн төсөл нь тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаагаараа ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.