2020.02.04

“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийгдлээ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны 07 дугаар сарын 8-ны өдөр баталсан бөгөөд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2007, 2017 онуудад Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээ хийсэн байдаг.

ФАТФ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард оруулсантай холбогдуулан ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.  

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар ФАТФ-ын жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Тус ажлын хэсгээс гаргасан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлын төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан.

ФАТФ-аас Монгол Улсад үүрэг болгосон ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хариуцлагын тогтолцооны бүрдэл хэсэг болох Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулиудын уялдаа холбоог хангах, зөрчлийг арилгах арга хэмжээг авснаар салбарын давхардал, хийдэлгүй нэгдсэн систем ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болсон байна.

Түүнчлэн “Мөнгө угаахтай тэмцэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмжид ФАТФ-ын зөвлөмжийг төрийн бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахаар тусгасан.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлага болон хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан манай улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй, олон улсаас манай улсад дотоодын хууль тогтоомжийг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх талаар хүлээлгэсэн үүргийг харгалзан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор,

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулсан юм. 

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн, олон улсын нийтлэг шаардлагад суурилсан.  

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан зарим нэр томъёог тодорхой болгох, хяналт тавих этгээдийг ялгамжтай байдлыг хангах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт тавих эрх зүйн орчинг бүрдүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4-т “Үндэсний аюулгүй байдлыг боловсруулж хэрэгжүүлнэ.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д “Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэж Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсонтой нийцүүлэн Үндэсний зөвлөлийг Засгийн газар тэргүүлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төслүүдэд тусгажээ. 

Дээрх өөрчлөлтийг хийснээр, 
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин боловсронгуй болно;
  • Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах, ажлын уялдааг хангах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжнө;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын эрх хэмжээний хүрээнд асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилох боломжтой болно;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж үйл ажиллагааны чадавх дээшилнэ;
  • Хуулийн зохицуулалт тодорхой, уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцнэ;
  • Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээдийн ялгамжтай байдлыг хангана;
  • Мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ;
  • Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй байдал сайжирна.

Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Сангийн сайд

“Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа мэдэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн. Монгол Улс уг жагсаалтаас гарахгүй удвал эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.”

ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөө нь 2021 оны 09 дүгээр сар хүртэл төлөвлөгдсөн байгаа хэдий ч Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд 2020 оны 06 дугаар сард “Саарал” жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа тэрээр танилцуулсан юм. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн 4-ийг биелүүлээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалт, мөнгө угаах гэмт хэрэг, шүүхийн үйл ажиллагаа, бие даасан хараат бус байдал, оффшорын асуудал гэх мэт шийдэх ёстой асуудлууд их байгааг хэлсэн юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдийн дагуу эрх зүйн зохицуулалтаа хийчихвэл 2020 ондоо багтаад Монгол Улс “саарал” жагсаалтаас гарах бүрэн боломжтой тухай хэлж байсан. 

Ингээд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

 Ц.Соёлмаа