Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль эцэслэн батлагдлаа
2018.04.26

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль эцэслэн батлагдлаа

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг 2018 оны 01 сарын 31-ний өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

Тус байнгын хороо 4 сарын 24-ний өдөр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган ажлын хэсэг эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

УИХ-ын гишүүд эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг эцэслийн батлах санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81.5 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.