ФАТФ-ын зөвлөмжөөр хуулийн хийдэл, зөрчлийг арилгана
2020.01.09

ФАТФ-ын зөвлөмжөөр хуулийн хийдэл, зөрчлийг арилгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.09\ хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор тус хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулиудад өөрчлөлт орсноор:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;
  • Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;
  • Хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;
  • Мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.