“ТВ 8” ТЕЛЕВИЗ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭЭС ХҮЛЦЭЛ ӨЧЖЭЭ
Сүүлийн үед УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнийг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатайгаар гүтгэх болсон.
Тодруулбал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” барих нэрийдлээр хувьдаа “Шонхор тауэр”-ыг барьжээ” гэсэн утгатай бүхий ташаа мэдээллийг хэвлэлээр удаа дараа цацаж, нэр хүндэд нь зориудаар халдах болсон билээ.
Уг асуудлыг иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцээд зарим хэвлэл мэдээллийн байгууллага ташаа мэдээлэл цацаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг үндэслэлгүйгээр гүтгэсэн болохыг тогтоож, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргасан байна. Энэ дагуу “ТВ 8” телевиз УИХ-ын гишүүн С.Эрдэнээс хүлцэл өчсөн байна.
Тодруулбал, тус телевизийн сэтгүүлч н.Уянга нь 2015 оны аравдугаар сарын 23-ны өдрийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилга” барих мөнгийг С.Эрдэнэ сайд хувьдаа завшиж, “Шонхор тауэр”-ыг барьжээ гэсэн утга бүхий мэдээлэл цацсан.
Сэтгүүлч энэхүү мэдээллийг бэлтгэхдээ /Baabar.mn вэб сайтад тавигдсан сэтгүүлч Л.Болормаагийн бичсэн “Эрдэнийн өргөөд ба нэг урилга” нийтлэл/ эх сурвалжаа нягтлаагүйгээс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч ийн хүлцэл өчжээ.
Дашрамд дурдахад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах уг төвийн барилгын ажил нь удахгүй эхлэх бөгөөд одоогийн байдлаар дулааны шугам сүлжээ, дэд бүтцийн ажил явагдаж байгаа юм.