Нийслэлд 7 мянга орчим хүн жагслаа
2016.05.03

Нийслэлд 7 мянга орчим хүн жагслаа

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрчид, ард иргэдийн аж амьдрал сайжрахгүй, ажилтай ядуучуудын тоо нэмэгдсээр байгаа төдийгүй хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдсэн ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллагын зүгээс хориг тавих, хязгаарлах үйлдэл гарах боллоо. 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн иргэдийн орлого, амьжиргаатай холбоотой заалтууд хэрэгжихгүй байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлээс энэхүү жагсаал цуглааныг зохион байгуулж байна.
Жагсаал цуглаанд оролцогчдын зүгээс доорх 4 асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлжээ.
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт /цалин нэмэгдүүлэх/ хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлж 2016 оны 5 сарын 15-ны дотор УИХ-аар шийдвэрлүүлэх 
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.2-ийг биелүүлж “хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож, чөлөөлөх асуудлыг Хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган УИХ-аар хэлэлцүүлж батлуулах 
-Хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхэнд халдаж байгаа захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага ногдуулах 
-Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг яаралтай нөхөн төлж ажиллагчдын дутуу олгогдсон цалин хөлсийг нөхөн олгох нөхцөлийг бүрдүүлэх гэжээ. 

Энэ үеэр үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтны цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоох талаар хүргүүлсэн албан чиглэл нь хууль зөрчсөн болохыг тогтоочихоод байхад албан тушаалын бүрэн эрхээ хууль бусаар хэрэгжүүлж байгаа Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд хариуцлага тооцох тухай шаардлагыг НИТХ-д хүргүүлжээ. Өнөөдрийн жагсаал цуглаанд 14 мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын 7 мянга орчим ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд оролцож эв санааны нэгдлээ илэрхийлжээ.
Орон нутагт мөн жагсаал цуглаан болсон ба нийт 27 мянган хүн оролцсон талаар мэдээ ирүүлжээ.