2025.05.22

Л.Энх-Амгалан: Солонгост ажиллаж байхдаа төлсөн НДШ-ээр Монголдоо ирээд тэтгэврээ тогтоолгох боломжууд нээгдсэн

УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

Энэ хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй манай яам нэлээн ойр хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жил ГХЯ-тай хамтарч бид нар зөвлөгөөнийг хийсэн. Тухайлбал, Хилийн чанад амьдарч байгаа монголчуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хариуцаж байгаа салбар салбарын яамдууд дээр төлөвлөгөө гаргаад, төлөвлөгөөний биелэлтийг гадаад харилцааны сайд хариуцаж байгаа.

Хамгийн гол асуудал бол нийгмийн хамгааллын гэрээний асуудал. Нийгмийн хамгааллын гэрээний асуудал нь нэлээн цаг хугацаа шаарддаг. Өнөөдрийн их хурлаар соёрхон баталж байгаа Казахстаны хэлэлцээр 2018 оноос эхэлсэн. Үе, үеийн сайд нар манлайлж ажилласан. Улмаар үе үеийн сайд нарын анхаарал тавьж хэлэлцээрүүдийг эрчимжүүлж, ажилласны үр дүнд өнөөдөр Казахстантай гэрээгээ зурж, соёрхон баталж байна. Ирэх даваа гарагт Монгол Улсад Австри Улсын Ерөнхийлөгч айлчилна. Энэ үеэр бид Монгол Австри улсын хоорондох нийгмийн хамгааллынхаа гэрээг зурах ёстой.

Ерөнхийдөө яамнаас барьж байгаа гол бодлого нь Монголчууд илүү их олноороо ажиллаж, амьдарч байгаа улс орнууд дээрээ түлхүү анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээнүүдээ хэрэгжүүлье гэж бодож байгаа. Өнөөдөр Солонгос улстай хэлэлцээр хийсэн. Солонгос улсад өнөөдрийн байдлаар 54846 мянган монгол иргэн оршин сууж байгаагаас, 35812 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байна. Ямар ч байсан Солонгост байгаа иргэд тэнд төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлийг Монголдоо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох боломжууд нь нээгдэж байгаа. Одоо бид бүхэн Австрали улстай хийж байна. Мэдээж АНУ бол маш чухал. АНУ-д амьдарч байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тийм учраас АНУ, Япон, Швед, Турк зэрэг улсуудтай өмнө хийсэн хэлэлцээр, гэрээнүүдийг бол хэлэлцээрийн түвшинд хийх ажлуудад анхаарчбайна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан