Чингэлтэй дүүргийн багш нар ажлын үр дүнгээсээ шалтгаалан, урамшуулал авахаар боллоо
2016.03.25

Чингэлтэй дүүргийн багш нар ажлын үр дүнгээсээ шалтгаалан, урамшуулал авахаар боллоо

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан энэ сарын 23-ны өдөр болж нийт 6 асуудал хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

Үүний нэг нь Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Боловсрол-2016” хөтөлбөрийн хүрээнд, сургуулийн өмнөх, бага суурь боловсролын багш нарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу шагнах  “Багш нарыг сургалтын чанар, дүнгийн ахицаар урамшуулах тухай” журмын  тогтоол юм. 

Урамшууллыг жил бүрийн 10 дугаар сарын таван буюу Монголын багш нарын өдрөөр, дүүргийн удирдах ажилтнуудын түвшинд ёслол хүндэтгэлтэй гардуулах юм байна.

Тухайн багшийг үнэлэх шалгуур нь хүүхэд нэг бүрийн сурлага, хөгжил, төлөвшлийн ахиц, амжилтаар тогтоогдох бөгөөд 90-95 хувиар үнэлэгдсэн бол 500,000 хүртэл
95-аас дээш хувиар үнэлэгдсэн бол 750,000 хүртэл харин 100 хувь үнэлэгдсэн бол 1,000,000 хүртэлх урамшуулал олгож байхаар шийдвэрлэгдлээ.