Ирээдүйн тэтгэврийн нөөц сан зөвхөн үр ашигтай ипотекийн болон бусад төрлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2016.03.09

Ирээдүйн тэтгэврийн нөөц сан зөвхөн үр ашигтай ипотекийн болон бусад төрлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно

ХАХНХЯ-аас хэд хэдэн чухал хуулийн төслийг санаачилж, батлуулсан. Тэгвэл Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-ХАХНХЯ хэд хэдэн чухал хуулийг батлуулж чадлаа. Үүний нэг нь Хүүхдийн эрхийг хамгаалах хууль. Хууль өмнө нь хэрэгжиж байсан хуулиас юугаараа давуу болж байгаа вэ?

-ХАХНХЯ-аас санаачлан өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүд маань амжилттай хэлэлцэгдэж батлагдлаа. Тухайлбал, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг амжилттай батлуулж чадсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар хүүхдийн эрх зүйн болон нийгмийн хамгааллын орчныг сайжруулах бодит боломжуудыг бүрдүүлэх зорилго тавьсан. Өмнө нь Хүүхэд хамгааллын хууль нь хүүхдийн эрх зүйн орчныг шаардлагын төвшинд хангаж чаддаггүй байсан. Тэгвэл энэ удаад хууль шинэчлэн батлагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалалт, эрх зүйн орчин стандарт төвшинд хүрч чадсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хамгааллын орчныг эрх зүйн орчны хувьд бүрдүүлэхийг хичээсэн. Тиймээс ч энэхүү хуулийг санаачлан өргөн барьж, батлуулж чадлаа. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг боловсруулахад судалгааг хэр сайн хийсэн бэ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай болоод байгаа гэсэн?

-Монгол Улсад 13 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Эдгээр иргэдийн хувьд нэг зүйл сэтгэл зовоох болсон. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа. Учир нь хотжилт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой автозамын хөдөлгөөн нэмэгдсэн. Үйлдвэрлэл тэр дундаа уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн болон ахуйн, автын осол нэмэгдэж байгаа юм. Ахуйн ослын хувьд бага насны хүүхдүүд гэртээ харж хамгаалах хүнгүй үлддэг болсноор ахуйн орчинд осолд өртөх асуудал их гарч байна. Энэ мэт шалтгаанаар олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа юм. Насны хувьд хүүхэд залуус өртөх нь өндөр байна. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж хэрэгжүүлсэнээр үндсэндээ өнөөдөр тэгш хөгжлийн боломжийг бүрдүүлэх чиглэл рүү томоохон алхам хийж чадлаа гэж харж байгаа. 

АНУ-д энэхүү хууль батлагдаад 25 жил болж байгаа юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг анх санаачилж, батлуулж, хэрэгжилтэд нь анхаарал хандуулан ажилласан хууль санаачлагч, АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажилласан Жулия гээд эмэгтэй байдаг. Энэ хүн үндсэндээ манай хуулийн боловсруулалтад маш их дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хоёр ч удаа бүрэн бүрэлдэхүүнээр нь АНУ-д аваачиж, танилцах аялалыг зохион байгуулсан. Хуулиар санал бодлоо солилцох боломжийг олгож өгсөн. Уг хууль батлагдсанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын хууль бодитой хэрэгжиж эхэллээ. Гэхдээ нийгмийн хамгааллын хууль зөвхөн хамгаалах талдаа үйлчилж байсан. 

Тэгвэл одоо энэ нийгэмд энгийн эрүүл иргэдтэй адил төвшинд хөгжих, амьдрах, нийгмийн үйлчилгээ авах боломжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаагаараа энэ туйлын чухал ач холбогдолтой. Мөн 110 гаруй мянган иргэний эрхийн асуудал хууль зүйн хүрээнд бүрэн хангагдах боломжийг бүрдүүлж чадлаа. 

-Сүүлд батлуулсан өөр нэг чухал хууль нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд ямар давуу талууд бий болж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын чиг­лэ­лээр ирээдүйн тэтгэв­рийн нөөц сангийн тухай хуулийг батлуулсан. Хууль батлагдсанаар бидний олон жил ярьж байсан асуудлыг шийдлээ. Өөрөөр хэлбэл, Тэтгэврийн даатгалын санд мөнгөн хөрөнгө байхгүй, нийгмийн даатгалын сангийн мөнгө хаашаа алга болсон, хэн идсэн, уусан гээд л хардсан яриа олон жил явсан. Тэгвэл энэхүү хардлагад цэг тавьж, нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан дээр гурван их наяд орчим төгрөгийн хуримтлалыг өнгөрсөн баасан гарагийн Засгийн газрын тогтоолоор гаргасан. 

нийгмийн даатгалын санг тэтгэврийн даатгалын сан руу шилжүүлэх тогтоол шийдвэр гарсан. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгч, ХАХНХ-ын сайдын хооронд мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсанаар эхний ээлжинд 1.8 орчим их наяд төгрөгийн хөрөнгө, хугацаа шаардах эрхтэй 680 орчим тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгө, дээр нь энэ оны эцэст орж ирэх үлдэгдэл хөрөнгө гээд нийтдээ гурав орчим их наяд төгрөгийн хөрөнгийг балансаас баланст шилжүүлэх гэрээ байгуулагдлаа. 

Ингэснээр нийгмийн даатгалын сан дээр бичилтээр 10 гаруй их наяд төгрөгийн өр, авлага тооцогдож явсан бол үүний 30 орчим хувь буюу гурав орчим их наяд төгрөгийн бодит мөнгөн хуримтлал төвлөрч байна. Ингэснээр бид нийгмийн даатгалын санд даатгуулж байгаа иргэдийн хувьд баталгаат тэтгэврээрээ авах, тэтгэврийн даатгалын сан урт хугацааны тогтвортой найдвартай хөрөнгө оруулалт болж хувирах суурийг тавьж чадлаа. 1995 оноос хойш нийгмийн даатгалын шинэ хууль хэрэгжээд 20 гаруй жил явахдаа энэхүү боломжийг огт бүрдүүлж чадаагүй байсан. Тэгвэл анх удаа энэхүү боломжийг санхүү эдийн засгийн хувьд бүрэн бүрдүүлж чадлаа. Энэ бол маш том алхам. 

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн мөнгийг өөр ямар нэгэн хөрөнгө оруулалтад зарцуулах уу?

-Тэтгэврийн даатгалын санд шилжиж байгаа хөрөнгө эхний гурван жил орчмын хугацаанд менежментийг Монголбанктай гэрээгээр гүйцэтгүүлэхээр тохиролцсон байгаа. Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэснээр орон сууц, барилгын салбарт байгаа томоохон хөрөнгө оруулалтыг тогтвортой эх үүсвэрээр хангах бодлогыг барьж ажиллах болно. 

Энэ хөрөнгө маань 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар тэтгэврийн буюу өөр ямар нэгэн хөрөнгө оруулалтын зардалд зарцуулагдахгүй. Зөвхөн үр ашигтай ипотекийн болон бусад төрлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болж, ашиглагдана. Бидний тооцож байгаагаар 2030 он гэхэд 8-10 их наяд орчим төгрөгийн хуримтлалыг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд бий болгоно гэж тооцож байгаа. Ингэснээрээ 1970 оноос хойш төрсөн иргэдийн хувьд тэтгэврийн бүрэн бааз суурийг бий болгож чадна гэж тооцон ажиллаж байна. 

-УИХ-аас Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсан. Хам­тын тэтгэврийг ямар болзол хангасан ахмадад олгох вэ?

-Энэ хууль бол нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан иргэн нас барахад авч байсан тэтгэврийн  тодорхой хувийг түүний үлдсэн гэр бүлийн хүнд нь олгох асуудлыг зохицуулсан хууль юм. Хоёр өндөр настан хамтдаа тэтгэвэр авч байгаад нэг нь нас барах тохиолдолд үлдэж байгаа ганц бие ахмад настан нэг хүний  тэтгэврээр амьжиргаагаа залгуулахад  хүндрэлтэй болдог. Түлээ нүүрс, орон сууц, ус, байр, цахилгааны төлбөр нь хоёулаа байх үетэй ижил өртөгтэй тогтмол гардаг зардлууд байдаг. 

Та одоо ганцаараа боллоо төлбөрийг хөнгөллөө гэхгүй шүү дээ. Иймд ганц бие өндөр настныг амьжиргааны эрс доройтолд өртөхөөс сэргийлэх зорилготой нийгмийн хамгааллын арга хэмжээ юм. Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, эрүүл хамтдаа өтлөх болон ганц бие ахмад настаны амьжиргааны баталгаа хангагдах зэрэг олон ач холбогдолтой гэж үзэж байна. Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 буюу түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр нь хамтын тэтгэвэр авах эрхтэй. Хамтын тэтгэвэр авахын тулд эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй 55 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх шаардлагатай гэсэн зөвхөн насны болзол үйлчилж байгаа. 

-Хэрвээ үлдэж байгаа гэр бүлийн хүн нь 55,60 насанд хүрээгүй бол энэ хуульд хамрагдаж хамтын тэтгэвэр авахгүй гэсэн  үг үү?


-Үлдэж байгаа хань нь дээр дурьдсан насанд хүрээгүй тохиолдолд олговол зохих хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд хамтын тэтгэвэр авах эрх нь түүний гэр бүлийн хүн нас барснаас хойш тав хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана. Ингэснээр хамтын тэтгэврийн тухай хуулийн үйлчлэлд илүү олон ахмад настан хамрагдах юм. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж, ахмадуудад хамтын тэтгэвэр олгож эхэлнэ. 

Хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод төвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтооно гэж хуульчилсан. Гэхдээ хамтын тэтгэврийн доод хэмжээ нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна гэж мөн хуульд заасан. 2015 оны байдлаар өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь  нь 230 мянган төгрөг байна. Үүний 20 хувиас багагүй байна гэж үзвэл хамтын тэтгэврийн хэмжээ багадаа 46 мянган төгрөг байна гэсэн үг.

-Хамтын тэтгэвэр тогтоолгохын тулд хаана хандах уу. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Өндөр настан нь  иргэний үнэмлэх,гэргэлтийн гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр, эхнэр /эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээг сум, хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт бүрдүүлэн өөрийн харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагад өгч хамтын тэтгэвэр авах хүсэлтээ гаргах юм. 2017 онд ойролцоогоор 4500 орчим ахмад настан хамтын тэтгэвэр авна гэж тооцож байгаа. Энэ тоо нь жил бүр өсөөд явах юм. Бидний тооцоолж буйгаар хамтын тэтгэврийн зардалд 2017 онд нийт 3.5  орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэж тооцоолсон. Энэ нь Нийгмийн даатгалын сангийн нийт зардлын 0,2 хувь болж байна.  Харин 2018, 2019 онд хамтын тэтгэвэрт шаардагдах зарлагын нийгмийн даатгалын санд эзлэх хувь нь байнга өсөх тооцоотой байна.