Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль гаргана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт II чуулган саяхан болж өнгөрсөн. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ талаар тодруулаач?
-Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг яг одоо гишүүд ярилцаж байгаа. Гурван жилийн өмнө ХАХНХ-ын яам байгуулагдаад нэн тэргүүнд хүн амын бүлгүүдийг тодорхойлох ажлыг хийсэн. Урьд нь Монголын хүн амын бүлгийг ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн дөрвөн бүлгээр авч үздэг байсныг бидний зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн амын нэг бүлэг гэж авч үзэх ёстой гээд тусгайлан нэмж оруулснаар үндсэндээ хүн амын таван бүлэгтэй болсон.
Өнөөдөр Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн тусгай нэг бүлэгт хамруулж, тэдэнд зориулсан хууль гаргах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Учир нь манайх шиг гуравхан сая хүнтэй улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь хэмжээ жилээс жилд санаа зовоох хэмжээнд нэмэгдэж, 110 гаруй мянгад хүрчихээд байгаа нь яавч бага тоо биш.
Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр хөдөлгөөн ихэссэнтэй холбогдон олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд энэ дотор хүүхэд, залуучууд дийлэнх хувийг эзэлж байгаа нь яах аргагүй сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт болчихоод байна. Хамгийн гол нь жилээс жилд тоо нь хурдтай өсч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, тэдэнд зориулсан дэд бүтэц, бусад хууль эрх зүйн зохицуулалт ихээхэн учир дутагдалтай байгаа юм. Тиймээс ямар ч гэсэн эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, дэд бүтцийг сайжруулах үүднээс тусгайлсан хуультай болгохоор ажиллаж байгаа юм.
-Монгол Улсын хэмжээнд хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг вэ. Тэдгээр хүүхдүүдийн талаар тусгайлсан ямар ажлууд хийгдэж байгаа бол?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал онцгой анхаарал татаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хувь болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих төрийн халамж, анхаарлын асуудлыг ямар бодлогоор зохицуулах талаар бид яг одоо ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хамгийн том ажил маань түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Үндэсний хөгжлийн төвийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгөөр байгуулах асуудлыг шийдлээ.
Тэнд эмнэлэг, сэргээн засалтын төв, боловсролын байгууллага гээд нэг дор бүхнийг шийдсэн иж бүрэн цогц төв байх юм. Газар, дэд бүтэц хөрөнгө мөнгө гээд бүх асуудал нь шийдэгдсэн энэ төвийн ажил ирэх хавар эхэлнэ. Наана нь БНХАУ-ын Засгийн газрын холбогдох яамтай хамтран шав тавих ажлыг хийнэ. Энэ төв байгуулагдснаар үндсэндээ 359-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч тэдэнд бүх төрлийн эмчилгээ сувилгаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээс гадна боловсрол мэдлэгт нь ч анхаарал хандуулаад явна.
Монголд урьд өмнө бүтээн байгуулагдаж байгаагүй ХХI зууны төвшинд хүрсэн энэ төвийг ашиглалтад оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн бүх л асуудлыг цогц байдлаар шийдэхэд их том дэвшил болно гэж үзэж байгаа. Түүнчлэн сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох сургуулийн хүрэлцээ, хангамж, орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр хуучин сургуулиудыг нурааж шинээр иж бүрэн цогцолбор сургуулиуд байгуулахаар зорилт тавиад ажиллаж байна.
-ХАХНХ-ын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний чуулганыг манай яамнаас санаачлан 2013 онд хийж байсан. Сая хоёр дахь чуулганыг зохион байгууллаа. Энэ чуулган зохион байгуулсан олон учир шалтгаан байсан нь ойлгомжтой. Нэгдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, тэд бүх л хүмүүстэй адилхан Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой юм шүү гэдгийг зарлан тунхаглах шаардлага өнөөдрийн амьдралаас урган гарч байна.
Бид зүгээр нэг чуулах дуртайдаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэний хэмжээний чуулганыг зохион байгуулсан хэрэг биш. Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа нийгмийн энэ бүлгийн хүмүүс нас, боловсрол, яс үндэс хамаарахгүй бүгдээрээ нэг дор цуглаад өөрсдөдөө тулгамдаж байгаа олон асуудлыг ярилцаж, гарах гарцыг хайна гэдэг нь өөрөө маш чухал асуудал юм. Энэ чуулганаас маш олон шинэ санаа, сэдэл шууд ажил хэрэг болгууштай олон асуудлыг манай яамны мэргэжилтнүүд, холбогдох байгууллагын хүмүүс олж авсан, мэдсэн.
Энэ нь л энэ чуулганы шууд ач холбогдол, өгөөж нь юм. Анхдугаар чуулганыг Төрийн ордонд хийхэд Монголын төр анх удаа өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх дэд бүтцийг дэлхийн стандартад ойртуулан засч бэлдсэнээс эхлээд энэ чуулганаас олж авсан мэдлэг, амьдралд хэрэгжүүлэх олон шинэ санаа, шийдлийн ач холбогдлыг цөөхөн үгээр бүрэн сайн илэрхийлэх боломжгүй юм. Хамгийн гол нь Төрийн ордон болон ойролцоох газруудын дэд бүтцийг чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан засч янзалсан нь бусдад, нийгэмд маш сайн дохио, сануулга өгсөн.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр чуулганы хооронд шийдсэн, хэрэгжүүлсэн хамгийн гол ажлуудаасаа танилцуулахгүй юу?
-Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд багагүй хэмжээний зардал гардгийг би түрүүнд цухас дурьдсан. Тэгвэл анхдугаар чуулганаас хойшхи хоёр жилийн хугацаанд гаднаас 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж эдгээр ажилд зарцууллаа.
Хамгийн сүүлд л гэхэд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван тэрбум орчим төгрөг буюу 300 сая иенээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нөхөн сэргээх, иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирлээ. Энэ нь нийтдээ долоон ком буюу нэгэндээ 22 нэр төрлийн багаж хэрэгсэл багтсан тоног төхөөрөмж юм. Энэ долоон багц төхөөрөмжийн эхний ээлжийн дөрвөн багц багаж төхөөрөмжийг холбогдох байгууллагуудад нь байршуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд явж байна.
Үлдсэн гурвыг нь удахгүй байршуулна. Дээр нь улсын болон холбогдох яамны төсөвт 20 гаруй тэрбум төгрөг суулгаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө зарцуулж байгаа нь эдийн засгийн хямралтай энэ үед томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэ хэмжээний бодлого гарч, санхүүжилт хийгдэж байгаагүй гэдгийг хэлэх ёстой.