Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг боллоо
Бид хамтдаа” өдөрлөг
2015.11.18

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг боллоо

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн хэмжээнд нэг сарын аяныг өрнүүлээд байна. Энэ хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд сэргээн засах  тусламж үйлчилгээг хүргэн мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.

“Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор зохион байгуулсан уг өдөрлөгт Баянгол дүүргийн 23 хорооны 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй залуус оролцож өөрсдөд нь тулгамдаж буй нийтлэг асуудал, бэрхшээл болон нийгэм дэх бодит оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудтай харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.            

Уг өдөрлөгийг зохион байгуулснаар “Монгол улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын санал, санаачилгыг тусгах, тэдний нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад үр дүнгээ өгнө гэдгийг албаны хүмүүс онцоллоо.