Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо
Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна.
Уг санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулагдаж байна” гэдгийг дуулгасан юм. Энэ үйл явдлыг “Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан онцолсон юм.
/МҮОНТВ/
Санамж бичгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулж байна. Санамж бичгийн хүрээнд:
- Тусгай хэрэгцээт боловсролын тухай хуулийн төсөл, төслийн танилцуулга, үзэл баримтлал боловсруулна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулж ажиллуулна.
- Яамнаас тусгай сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны хэвийн тогтвортой байдлыг ханган, эдгээр сургуулиудын харьяалалын асуудлыг шийдвэрлэнэ.
- Брайл бичгийн стандартыг боловсруулж батлуулна.
- Харааны бэрхшээлтэй суралцагчийн сурах бичгийг үе шаттай брайл, томруулсан үсгээр хослуулан хэвлүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.
- Онлайн ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ веб сайтыг хөгжүүлэх, Windows , IOS , Android үйлдлийн системүүд дээр ажиллах программ хангамжуудыг зохион бүтээх, Онлайн ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ номын фондыг 82 нэр төрлийн номоор нэмэгдүүлнэ.
- Цэцэрлэг, сургуульд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг олгох зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулах юм.