Л.Гантөмөр: АН-аас томилогдсон хяналтын менежерийг халбал Ерөнхий сайдын "арьсыг нь өвчинө"
Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр
2025.06.12

Л.Гантөмөр: АН-аас томилогдсон хяналтын менежерийг халбал Ерөнхий сайдын "арьсыг нь өвчинө"

АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Дараагийн Засгийн газар буюу шинэ томилогдох Ерөнхий сайдын манлайллаас их зүйл шалтгаална. Ерөнхий сайд гэхээр л аж ахуйн албаны дарга гэсэн үг биш юм. Ерөнхий сайдын манлайлал нь улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн зөв тийш нь удирдах вэ гэдэг зүйл. Нэг үгээр хэлбэл, парламентын засаглалыг илүү төгөлдөржүүлэх ажлыг шинээр томилогдох Ерөнхий сайд хийх ёстой. Хоёрдугаарт, шударга ёс тогтоох хэрэгтэй юм. Дунд шатны давхардсан бүтцийг арилгаж төрийн албыг илүү чадварлаг болгож, цомхотгох тал дээр тодорхой алхмуудыг хийх нь зүйтэй. Гуравдугаарт, энэ их хавтгайрсан халамжуудыг хэрхэн хумих тухай маш тодорхой бодлого шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, бол нийт дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын мөрийн хөтөлбөр байдаг. Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг нүсэр их ажил хүлээгдэж байна. Ардчилсан нам бол албан ёсоор Монгол оронд хэрэгтэй асуудлуудыг шаардаж, шахаж, тулгаж ажиллах үүрэгтэй юм. Хэрэв Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежерийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө. Яагаад гэвэл төрийн өмчит компанид байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс нь Засгийн газраас томилогдсон байгаа. Тэд нарыгаа авч хаячаад дур зоргоороо идэж, ууж, тараадаг тийм амьдрал руу шилжих гэж байгаа бол бидний зүгээс өршөөхгүй. Ирэх жил төрийн алба есөн хувиар буурна. Төрийн өмчит компанийн бүрэлдэхүүнийг 15 хувиар буруулна гэх төлөвлөгөө бий. Энэхүү төлөвлөгөөг нэхэж, ажил хэрэг болгох хэрэгтэй байна" гэлээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан