“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяныг эхлүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран “БҮХ НИЙТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЖ, ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр аяны нээлтээ хийлээ.
“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох нөлөөллийн ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулах сургалт, уулзалт, өдөрлөг, эрдэм шинжилгээний бага хурал, нийгэм олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг зөв төлөвшүүлэх нөлөөллийн сургалт зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяны нээлтийн ажиллагаанд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нарангэрэл, ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, СЗХҮТ-ийн дарга Б.Нарантуяа, дэд даргаТ.Мөнх-Очир болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого шинэчлэлийн хэрэгжилт" үндэсний II чуулганыг энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.
Сарын аяны үйл ажиллагааг эхлүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүндэтгэл үзүүлэх “Талархалын цуваа”-г аялуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан байгууллагуудыг алдаршуулан төр, иргэний нийгмийн байгууллагуудаас хүндэтгэл илэрхийлэн, талархал гардууллаа.
Энэхүү талархлыг эхний ээлжинд 10 байгууллага гардан авч байгаа бөгөөд сарын аяны хүрээнд бусад олон байгууллагуудад талархлаа илэрхийлэх юм байна. Талархлыг дараах байгууллагууд гардан авлаа.
Үүнд:
Нийслэлийн засаг даргын тамгын газар
ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар
Италийн Засгийн Газрын бус “АИФО” ОУ-ын байгууллагад
Финландын Флом байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
Нээлттэй нийгэм форум ТББ, “Энержи ресурс” ХХК
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Хөдөлмөрийн яам
БГД-ийн НХҮХэлтэс
“Хасу мегават” ХХК
JICA-н сууриан төлөөлөгчийн газар
Баянзүрх дүүргийн ЗДТГ