Удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан хуультай болно
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.11.23

Удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан хуультай болно

Өнгөрсөн баасан гарагт ХАХНХ-ын яам хөл хөдөлгөөн ихтэй, баяр ёслолын байдалтай байв. Учир нь 2013 онд шаваа тавьсан ХАХНХ-ын салбарын Цахим архивын шинэ байр ашиглалтад орсонтой давхцан энэ салбарын 30 гаруй ажилтан төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол болсон юм. 

Цахим архивын шинэ байрны нээлтийн ёслолын үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ салбарынхаа 40 гаруй ажилтан, албан хаагчдад шинэ байрных нь ордерыг гардуулах үеэрээ “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хот хөдөөд 520 айлыг орон сууцжуулсаны 360 нь хөдөө орон нутагт, 160 нь Улаанбаатар хотод тохилог шинэ орон сууцанд орсон нь ХАХНХ-ын яамны зүгээс ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд хэрхэн үр бүтээлтэй ажиллаж байгаагийн тодорхой үзүүлэлт мөн” хэмээсэн нь бусад яамдад үлгэр дууриалал болохуйц үг санагдсан.

Мөн салбарынхаа шилдэг тэргүүний олон арван ажилтанд зуслангийн газар эзэмших эрхийн бичиг олгосон нь аргагүй л бэлтэй яамны, бядтай сайдын үйлдэл байв. Ёслолын ажиллагааны дараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй дараах ярилцлагыг хийсэн юм.

-Та саяхан УИХ-ын нэгдсэн чуулганд хууль санаачлагчийн илтгэл тавьж байгаа харагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн төсөл үү?

-Тийм ээ. Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг яг одоо гишүүд ярилцаж байгаа. Миний хувьд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан юм. Гурван жилийн өмнө ХАХНХ-ын яам байгуулагдаад нэн тэргүүнд хүн амын бүлгүүдийг тодорхойлох ажлыг хийсэн. Урьд нь Монголын хүн амын бүлгийг ахмад, залуучууд, эмэгтэйчүүд, хүүхэд гэсэн дөрвөн бүлгээр авч үздэг байсныг бидний зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн амын нэг бүлэг гэж авч үзэх ёстой гээд тусгайлан нэмж оруулснаар үндсэндээ хүн амын таван бүлэгтэй болсон. 
Өнөөдөр Монгол Улс хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн тусгай нэг бүлэгт хамруулж, тэдэнд зориулсан хууль гаргах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Учир нь манайх шиг гуравхан сая хүнтэй улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь хэмжээ жилээс жилд санаа зовоох хэмжээнд нэмэгдэж, өнөөдөр 110 гаруй мянгад хүрчихээд байгаа нь яавч бага тоо биш. Сүүлийн жилүүдэд авто машины тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр хөдөлгөөн ихэссэнтэй холбогдон олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд энэ дотор хүүхэд, залуучууд дийлэнх хувийг эзэлж байгаа нь яах аргагүй сэтгэл эмзэлүүлсэн үзүүлэлт болчихоод байна.
Хамгийн гол нь жилээс жилд тоо нь хурдтай өсч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, тэдэнд зориулсан дэд бүтэц, бусад хууль эрх зүйн зохицуулалт ихээхэн учир дутагдалтай байгаа юм. Тиймээс ямар ч гэсэн эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, дэд бүтцийг сайжруулах үүднээс тусгайлсан хуультай болгохоор ажиллаж байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг хамгийн том хүндрэл бол мэдээж дэд бүтцийн асуудал байдаг. Дэд бүтцийг нь сайжруулахын тулд эхлээд хөрөнгө санхүүгийн асуудал ярихаас өөр аргагүй. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байна? 

-Мэдээж энэ бол хамгийн том, гол асуудал л даа. ХАХНХ-ын яам байгуулагдснаас хойших өнгөрсөн гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хагаалал, ялангуяа дэд бүтцийг нь сайжруулах зорилгоор 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл саруул хүмүүстэй адилхан хууль эрх зүйн зохицуулалтаар хамгаалагдаж, ажиллах, сурах, нийгмийн бүх л харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл бололцоо нь бүрдэх юм. 

-Та сая хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хүүхдүүдийн эзлэх хувь хэм­­жээ жилээс жилд нэмэгдэж байгааг дурдлаа. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар тусгайлсан ямаражлууд хийгдэж байгаа вэ? 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал онцгой анхаарал татаж байгаа. Монгол Улсын хэмжээнд 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хувь болж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих төрийн халамж, анхаарлын асуудлыг ямар бодлогоор зохицуулах талаар бид яг одоо ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хамгийн том ажил маань түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Үндэсний хөгжлийн төвийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгөөр байгуулах асуудлыг шийдлээ. 
Тэнд эмнэлэг, сэргээн засалтын төв, боловсролын байгууллага гээд нэг дор бүхнийг шийдсэн иж бүрэн цогц төв байх юм. Газар, дэд бүтэц хөрөнгө мөнгө гээд бүх асуудал нь шийдэгдсэн энэ төвийн ажил ирэх хавар эхэлнэ. Наана нь БНХАУ-ын Засгийн газрын холбогдох яамтай хамтран шав тавих ажлыг хийнэ.Энэ төв байгуулагдснаар үндсэндээ 359-400 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч тэдэнд бүх төрлийн эмчилгээ сувилгаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээс гадна боловрол мэдлэгт нь ч анхаарал хандуулаад явна. Монголд урьд өмнө бүтээн байгууладаж байгаагүй ХХI зууны түвшинд хүрсэн энэ төвийг ашиглалтад оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн бүх л асуудлыг цогц байдлаар шийдэхэд их том дэвшил болно гэж үзэж байгаа. 
Дээр нь сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох сургуулийн хүрэлцээ, хан­гамж, орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр хуучин сургуулиудыг нурааж шинээр иж бүрэн цогцолбор сургуулиуд байгуулахаар зорилт тавиад ажиллаж байна. 

-ХАХНХ-ын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийн үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэчуулганаас ямар үр дүн хүлээж байна? 

-Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндэсний чуулганыг манай яамнаас санаачлан 2013 онд хийж байсан. Сая хоёр дахь чуулганыг зохион байгууллаа. Энэ чуулган зохион байгуулсан олон учир шалтгаан байсан нь ойлгомжтой. Нэгдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, тэд бүх л хүмүүстэй адилхан Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой юм шүү гэдгийг зарлан тунхаглах шаардлага өнөөдрийн амьдралаас урган гарч байна.

Бид зүгээр нэг чуулах дуртайдаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэний хэмжээний чуулганыг зохион байгуулсан хэрэг биш л дээ. Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа нийгмийн энэ бүлгийн хүмүүс нас, боловсрол, яс үндэс хамаарахгүй бүгдээрээ нэг дор цуглаад өөрсдөдөө тулгамдаж байгаа олон асуудлыг ярилцаж, гарах гарцыг хайна гэдэг нь өөрөө маш чухал асуудал юм. Энэ чуулганаас маш олон шинэ санаа, сэдэл шууд ажил хэрэг болгууштай олон асуудлыг манай яамны мэргэжилтнүүд, холбогдох байгууллагын хүмүүс олж авсан, мэдсэн. Энэ нь л энэ чуулганы шууд ач холбогдол, өгөөж нь юм.

Анхдугаар чуулганыг төрийн ордонд хийхэд Монголын төр анх удаа өөрөөсөө хөрөнгө мөнгө гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх дэд бүтцийг дэлхийн стандартад ойртуулан засч бэлдсэнээс эхлээд энэ чуулганаас олж авсан мэдлэг, амьдралд хэрэгжүүлэх олон шинэ санаа, шийдлийн ач холбогдлыг цөөхөн үгээр бүрэн сайн илэрхийлэх боломжгүй юм. Хамгийн гол нь төрийн ордон болон ойролцоох газруудын дэд бүтцийг чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан засч янзалсан нь бусдад, нийгэмд маш сайн дохио, сануулга өгсөн. 

-Цаашид хийх ажил маш их байгаа нь тодорхой. Хамгийн гол нь нийгмийн зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарч, аль чиглэлд илүү их ажил хийгүүштэй санагддаг вэ? 

-Энэ бол маш өргөн хүрээг хамрах асуудал юм. Хамгийн гол нь бид хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэлзүйг энэ чиглэлд ухааруулах, сэнхрүүлэх, тэр талын боловсрол олгох чиглэлээр тууштай ажиллах шаардлагатай байгаа юм. Нэгэнт төрөлхийн ч байна уу, олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэддээ үзүүлэх ниигмийн тэгш үйлчилгээг дэлхийн стандартат нийцүүлэн хөгжүүлэх, хангах шаардлагатай. Энэ чиглэлд ч ХАХНХ-ын яам бодлого, зорилгоо тодорхойлон ажиллаж байна. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр чуулганы хооронд шийдсэн, хэрэгжүүлсэн хамгийн гол ажлуудаасаа танилцуулахгүй юу? 

-Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд багагүй хэмжээний зардал гардгийг би түрүүнд цухас дурдсан. Тэгвэл анхдугаар чуулганаас хойшхи хоёр жилийн хугацаанд гаднаас 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж эдгээр ажилд зарцууллаа. Хамгийн сүүлд л гэхэд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван тэрбум орчим төгрөг буюу 300 сая июнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нөхөн сэргээх, иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирлээ. Энэ нь нийтдээ долоон ком буюу нэгэндээ 22 нэр төрлийн багаж хэрэгсэл багтсан тоног төхөөрөмж юм л даа. Энэ долоон багц төхөөрөмжийн эхний ээлжийн дөрвөн багц багаж төхөөрөмжийг холбогдох байгууулагуудад нь байршуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд явж байна. 


Үлдсэн гурвыг нь удахгүй байршуулна. Дээр нь улсын болон холбогдох яамны төсөвт 20 гаруй тэрбум төгрөг суулгаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө зарцуулж байгаа нь эдийн засгийн хямралтай энэ үед томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө энэ хэмжээний бодлого гарч, санхүүжилт хийгдэж байгаагүй гэдгийг хэлэх ёстой. 

-Одоо УИХ-аар хэлэл­цэгдэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн үндсэн концевц нь чухам юу вэ? 

-Урьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг ямар ч хуулиар хамгаалж байгаагүй. Эдгээр хүмүүс чинь бусадтай л адилхан нийгмээс эрх тэгш үйлчилгээ авах, эдлэх учиртай ч урьд нь ямар ч хуулиар энэ харицааг зохицуулж байгаагүй юм. Урьд нь аль ч байгууллага, албан тушаалтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд ямар ч хариуцлага хүлээж байгаагүй. Харин энэ хууль батлагдснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адилхан эрх эдэлж, гомдол гаргах, мэдүүлэх боломжтой болох юм.

Жишээлбэл АНУ 25 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуультай болсноор тэдний нийгмийн хамгаалал, тэдэнд зориулагдсан дэд бүтэц хуульчлагдаж, бусадтай адилхан нийгмийн бүх харицаанд эрх тэгш оролцох боломж нь нээгдсэн байдаг. Иргэдийн эрхийг хуульчилж, хамгаалалтад авчихаар аливаа хүн бүх төрлийн эрхээ хамгаалуулах боломжтой болно шүү дээ. Хууль нь гарчихаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд наад зах нь автобус унаа, дэд бүтцийн талаар хотын даргад гомдол мэдүүлэх эрхтэй болно шүү дээ. Хэрвээ хотын дарга тэдгээр асуудлыг нь шийдэж өгөхгүй бол шүүхэд өгөх эрх нь нээгдэнэ. Ерөөсөө энэ хуулийн үндсэн концевц нь л энэ юм. 

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Инчоны тунхаглалыг Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан гэсэн. Энэ баримт бичгийн хэрэгжилт ямархуу байдаг юм бол? 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг 2014-2024 онд хамгаалах, хэрэгжүүлэх зорилготой гурав дахь удаагийн тунхаглалыг баталсан Инчоны чуулга уулзалтад миний бие оролцсон. Инчоны энэ баримт бичгийг хүлээж авсан Ази тивийн анхны орон нь Монгол Улс юм л даа. Тэгээд ч Засгийн газрын зүгээс энэ асуудалд маш их анхаарал хандуулж Инчоны тунхагийг албан ёсоор хүлээн авах ажиллагааг төрийн ордонд зохион байгуулсан. Энэ тунхагийн дагуу л өнөөдрийн ажлууд хийгдээд явж байгаа. 

 Монголын нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа Хамтын тэтгэврийг батлах асуудалд УИХ-ын гишүүд аль хэр идэвх санаачлагатай оролцож байгаа бол. Энэ хуулийн дагалдах журамд багагүй өөрчлөлт орохоор яригдаж байгаа гэх юм? 


-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг миний бие хэсэг нөхдийн хамт санаачилж 2012 онд өргөн барьсан юм. Гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байгаад 2014 оны нэгдүгээр сард УИХ-д орж ирсэн. УИХ-д орж ирээд үнсэндээ хоёр жилийн дараа УИХ-ын НББСШУ-ны байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг нь явж хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар дэмжигдсэн. Өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж мөн дэмжигдсэн байгаа. 
Ер нь энэ хууль удахгүй батлагдсанаар Монголын ахмад настнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд маш том эргэлтийн шинжтэй алхам болно гэж хүлээж байгаа. Хуулийг дагаж мөрдөх журманд тодорхой хэмжээний өөчрлөлт орж магадгүй. Ялангуяа нөхөн тооцох хугацаан дээр багагүй маргаан, мэтгэлцээн явж байна. Бид ажлын хэсэг дээр ярьж байгаад 2012 оны нэгдүгээр сараас хойш энэ асуудлыг хамруулъя гэж шийдсэн байгаа.