Л.Гантөмөр: Даатгалыг төсвөөс салгахаас нааш эмч нарын авилга зогсохгүй
Засгийн газраас Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Энэ төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалтай иргэд чирэгдэлгүй, чанартай, эмчилгээ үйлчилгээг авахыг хүсэж байгаа. Ийм өөрчлөлтийг хийж чадсан болов уу?
-Манайд иргэд даатгал төлж байгаа ч мөнгө нь эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэлцдэггүй. Дээр нь иргэд гадаадад эмчлүүлэхийг илүүд үзэж байна. Жилд 10-20 тэр бум төгрөгийг урд хөрш болон гуравдагч оронд ийм замаар урсаж байна. Хуулийн төслөөр бид дэлхийд туршсан хамгийн сүүлийн загварыг ашиглана. Нэгдүгээрт, даатгалаараа бүрэн санхүүжнэ. Хоёрдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээг заавал хүртэнэ. Өөрөөр хэлбэл даатгалын сан биеэ даасан хараат бус байх ёс-той. Эмнэлгүүд бие даасан менежменттэй болох хэрэгтэй: Шинэчлэл хийхгүйгээр савд солигдох бүрт хамаатан садангаа эмнэлгийн дарга, газрын даргаар томилдог жишиг арилахгүй.
-Гэхдээ энэ тогтолцоонд Монгол Улсын өнөөгийн байдал бэлэн гэж үү?
-Манайхан сэтгэлгээний гүн хоцрогдолд байгаа. Аль нэг байгууллага бие даана гэхээр итгэдэггүй. Заавал төрд байх ёстой гэсэн бодолтой. Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж чадахгүй бол даатгал төлөгчдийн өмнөөс эмнэлгүүдтэй хэлэлцээр хийдэг байгууллага олдохгүй болно. Тиймээс сэтгэлгээний цоожоо мултлах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тогтолцоо аль нэг улс орон, хил хязгаар харгалзахгүйгээр хөгжиж байна. Баруунд эрүүл мэндийн салбар ямар өндөр төвшинд байна. Манайх тэр л замаар хөгжих ёстой. Эсвэл агентлагийн зохион байгуулалтад оруулж Засгийн газрын харьяанд, бие даалгавал нөгөө л хараат хэвээрээ үлдэнэ. Эмчилгээний үнэлгээнүүдийг ялгаа байхгүй Засгийн газар тогтооно. Олгой авахуулахад 1000 төгрөг гэх мэт. 1000 төгрөгөөр олгой авах юм бол эмч нар яаж хөгжих юм.
-Хууль төрөхийн өмнөх эсэргүүцэл, лобби энэудаад ч тасарсангүй. Яриаг чинь сонсоходитгэл төрж байгаа ч өнөөх төсөв, мөнгөнөөсөө салах дургүй тогтолцоо хэвээрээ үлдэх юм биш биз?
-Бид олон зүйлийг хамтарсан үедээ шийдэхээр ярьсан. Түүний нэг нь энэ. Гэтэл шийдэж чадахгүй, газар дээрээ хий эргээд байна. Сонгуульд дахин ялагдахаас, эрсдэл гаргахаас айдаг энэ төлөв байдал хамтарсан Засгийн газрын үед ч хадгалагдсаар байна. Улс төрийн хариуцлагаас айгаад байгаа нь энэ. Гаргаж буй шийдвэр болгонд улс төрийн өнцгөөр хардаг. Өөрөөр хэлбэл оноо цуглуулахын тулд хийдэг. Оноо цуглуулах, улс төрийн амлагаанаас илүүтэй Монгол Улсад аль нь хэрэгтэй гэдгийг Хамтарсан үедээ хийе гэсэн. Хэн хэн нь хариуцлагаа хүлээе. Ялахгүй байж болно. Гэхдээ шийдэх ёстой зүйлээ хамтраад хийе гэсэн юм. Харамсалтай нь тэр болгон чадахгүй байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарын дунд санал асуулга явуулж асуудлыг шийдэх ёстой.
-Саяхан хуурамч өвчний түүх бичиж мөнгө идсэн хэмүүд баримтаар нотлогдожэрүүгийн хэрэг үүсгэхээр боллоо. Бие даалгасан тохиолдолд энэ байдал таслагдаж чадах уу?
-Энэ салбарыг бие даалгахгүй улсынхаар нь үлдээвэл дээрх хэрэг гарсаар байна. Улсын гэдэг нэрийн дор буруу зүйл байнга дагалдана. Ганцхан Монголд ч биш дэлхий даяараа л ийм байна. Ард түмнээрээ хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх зарчмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хийж буй бизнес, явуулж байгаа ажил улсын нэрийн дор байхаараа будилдаг. Одоо энэ шинэчлэлийг хийж чадахгүй бол эрүүл мэндийн салбар энэ уналтаараа явах болно. Дахин босож чадахгүй. Хөрөнгө оруулалт, техник технологоор зодоод ч салбар хөгжихгүй. Харин тэнд ажиллаж байгаа эмч нар, ажилчид нь хүсэл мөрөөдөлтэй, чадвартай, гэрэл гэгээтэй байсан цагт хөгжинө. Өнөөдөр 30 мянган хүнийг асрахын тулд эмнэлэг байна. Хөрөнгө зарж байна. Энэ хүмүүсийг асардаг биш эмчилдэг болох хэрэгтэй. Энэ тохиолдолд Монголд өвчнөөр, хавдраар хүн үхэх ёсгүй. Дээр нь урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй. Буруу тогтолцоо хамаг мөнгө сорж байна.