
2025.04.03
О.АЛТАНГЭРЭЛ: УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙНХӨӨ ҮНЭ ЦЭН, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ өглөө /2025.04.03/ ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Хууль зүйн туслалцааны төв нь өдгөө орон даяар 21 аймаг, 8 дүүрэг, сум дундын шүүхтэй 5 сумын нийт 34 салбарт 59 өмгөөлөгчтэйгөөр төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төлбөрийн чадвартай эсэхийг үл харгалзан тус төвд хандсан олон нийтэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх болон эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр О.Алтангэрэл сайд улсын өмгөөлөгчдийн ажлын чиг үүрэгт хамаарал бүхий салбарын хэмжээний мэдээлэл танилцууллаа. Тодруулбал, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилго бүхий хиймэл оюун ухаанд суурилсан цахим платформ үүсгэх, өнгөрсөн онд улсын өмгөөлөгчдийн цалин хангамжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн болон энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх онцлох өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн салбарын сайд хэлсэн үгэндээ “Хөгжингүй орнуудын туршлагаас харахад, салбарын хамгийн шилдэг мэргэжилтнүүд улсын өмгөөлөгчдийн дундаас төрөх нь элбэг. Улс орныхоо хамгийн хүнд хэцүү бүлэгт хүрч ажилладаг учраас нийгмийн асуудлуудыг илүүтэй мэдэрч, энэ чиглэлд анхаарах сэтгэлийг ур чадвартаа нэмж төлөвшүүлдэг болохоор тэр. Тийм ч учраас улсын өмгөөлөгчдийнхөө манай улс, манай салбар дахь үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдлээ.