2025.04.17

Б.Жаргалан: Нүүрс валют болж ирэх ёстой болохоос бартерын ямар нэгэн зүйл биш

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Өнөөдөр долларын ханш 3560 төгрөг, евро 4070 төгрөг, юань 489 төгрөг байна. 1-р улирлын байдлаар төсвийн алдагдал 1,2 их наяд болсон мэдээ байна. Нүүрсний үнэ төсөв хэлэлцсэн үеэс 30-40 хувь унасан гэж ойлгож байгаа. Б.Жавхлан сайд ороод ирлээ хэлэлцүүлгийн төгсгөлд. Та төсөв хэлэлцэж байх үед төсөвт нүүрсний үнийг 105 доллараар оруулж ирэхдээ “Би хар толгойгоороо хариуцъя, нүүрсний үнэ унахгүй. Өчнөөн худалдан авагчид байна. Та нар Ганц мод-Гашуун Сухайтыг л батлаадах. Энэ нь төсвөө аваад гарна” гэж ярьсан. Гэтэл бид үнэнтэйгээ нүүр тулчихсан, нүүрсний үнэ уначихсан, гол хуулиа ийн өөрчлөөд сууж байна. Тэгэхээр төсвөө тодотгохгүй юмуу? Валютын ханш замбараагаа алдлаа. Энэ бүхний хор уршгийг бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа иргэд, бор зүрхээрээ бизнес хийж багаа аж ахуйн нэгжүүд үүрч, энэ бүхний золиос болоод байна. Ямар зүйл ажиглагдаж байна вэ гэхээр ЗГ төсөв тодотгохгүйгээр бүх зүйлээ авч гарахын тулд хаа нэгтээгээс мөнгө олох зорилгоор яаралтайгаар янз бүрийн юмнууд оруулж ирдэг. Зөвшөөрлийн хуулийг оруулж ирэх үндэслэлийг жил болгон 500 сая доллар гадагшаа урсаад байна. Бид ханшаа алдах гээд байна гэдгээр тайлбарлаж байгаа.  Тэр хууль нь хууль зүйн техникийн хувьд, бүх зүйлийн хувьд алдаатай, өчнөөн олон хүн хуулийн золиос болох боломжтой ийм хууль оруулаад ирж байна. Энэ хууль ялгаа байхгүй. Бид нүүрсний хулгайг зогсооё, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг ил тод болгоё гээд биржийн хуулийг 2022 оны 12-р сарын 23-нд баталсан. Түүнээс нэг жилийн дараа дахин нэг өөрчлөлт оруулчихаад байгаа. 10.3 заалт дээр бидний яриад байгаа хэрэгтэй хэрэггүй мега төслүүдээ санхүүжүүлэх юмнуудыхнаа өөрөөр хэлбэл гишүүдийн яриад байгаа шинэ үеийн оптик гэрээг оруулж ирж байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг ЗГ өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэж болно гээд. Тэгэхээр ган татлагат гүүр гэх мэт мега төслүүдээ нүүрс зэсээр солих, бартерлах тухай асуудал яриад байгаа юмуу? Уул уурхайн түүхий эд манайд валют олж ирэх ёсгүй юмуу? Бид валютын нөөцийнхөө асуудлыг ярих ёстой биздээ? Гэтэл бартерлая аа гээд сууж байдаг. Оптик гэхээр хүмүүс дэмжихгүй, нүүрсний хулгай ярина гэж бодоод байгаа. Тийм учраас бартер руугаа шилжлээ. Тэгэхээр бид үнэнтэйгээ нүүр тулаад төсвөө тодотгох юмуу, мега төслүүдийнхээ зарим нэгийг болих юмуу? Тэдгээр асуудлуудаа яримаар байна. Нийсэл бүр галзуурч байна. 5, 6 их наядын төсөв баталчихсан. Туулын хурдны зам гээд 1,9 их наядын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна, дахин 300-400 тэрбумаар нэмж нийт 2 их наядаар зам барья гэсэн асуудал яриад сууж байна. Та нарт уялдаа байна уу? Нийслэл дээр Вант улс үүсчихлээ. Тэгэхээр үнэнтэйгээ нүүр тулаад хэзээ төсвөө тодотгох юм? Мега гэгдээд буй төслүүд дээрээ хязгаарлалтууд хийхгүй юмуу? Нөхцөл байдал өөр болчихлоо. Мөчлөг чинь өөр тийш явчихлаа.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.