2025.04.17
П.Сайнзориг: Уул уурхайн компаниудад тээвэрлэлтийг хариуцуулснаас улбаалж нүүрсний үнэ $140-өөс 90 дээр унасан
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг гаргаж нэлээн нухацтай үзэхгүй бол болохгүй байна. Өргөн барих боловсруулахаасаа эхлээд асуудлууд маш хүнд байна. Гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлуудыг уул уурхайн биржийн тухай хуулийг дагалдуулаад оруулаад ирлээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад энэ хуулийн зохицуулалтад ерөөсөө хамааралгүй value exchange буюу Баялгын солилцоог оруулаад ирлээ. Биржтэй холбоотой ямар ч харилцаа байхгүй. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийн асуудал биш. Аль хууль дээрээ байхыг нарийн процессыг нь оруулж ирмээр. Гуя дагуулж хүзүү гэгчээр бөөнд нь түлхээд “аргална даа” гэсэн концепци явж байна. Хүчлээд гарна даа гэсэн. Энэ хэдэн шинэковууд зүгээрээ, баталчихна гэсэн юм яриад байгаа. Засгийн газрын түвшинд Хэрэг Эрхлэх газар, ХЗДХЯ хууль зүйн техникээ бариулах юмуу, үгүй юмуу? Хууль чихэж оруулж ирээд бөөндөх ёстой юмуу? Мэдэхгүй байна. Мөн Цөмийн энергийн хуулийг дагаад анентлаг байгуулж байгаа. Бид уул уурхайн биржийн асуудал ярьж байхад халхавчинд нь агентлаг байгуулах гэж байгаа шүү. Хэрэгтэй байж магадгүй. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байдаг учраас тусдаа үзэл баримтлалыг нь боловсруулаад оруулаад л ир. Яагаад ингээд яваад байдаг юм бэ? Өргөн барихаасаа эхлэн гурван өөр харилцааг өргөн бариулчихаад байна. Үүнийг анхаармаар байна. Төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Value exchange гэдэг зүйл энэ хуулийн хүрээнд огт хамааралгүй зүйл орж иржээ. Үүнийг ЗГ тусдаа аль хууль дээр байх ёстойг бодож оруулж ирэх нь зүйтэй.
14.6-д бүтээгдэхүүний чанараас хамаараад индексийн хөдөлгөөнд тулгуурлан өөрчлөлт оруулна гэжээ. Чанарын асуудлыг урд хөрш шийддэг юм. Чанар дээрээ босго тавихад монголын нүүрс объёмоороо унана. Ийм ноцтой зүйлийг худалдан авагч талын гарт өгөх гэж байгаа, оруулж ирж байгааг би ойлгохгүй байна. Ганц мод-Гашуун Сухайтын хэлэлцээр дээр анхааруулсан. Итгэхээ байж байна шүү. Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байх үед овоо хэлэлцээр хийсэн. Гэтэл Ганц мод-Гашуун Сухайт дээр цөм үсрээд тэрнээсээ дордсон юм баталсан. Одоо том эрх ашгийнхаа төлөө явахаас өөр аргагүй байна. Биржийн хууль дээр үнийг зохиомлоор унагаагаад, нүүрсний экспортын объём ихсэх тусам үнээрээ бид хавхандаа орох гэж байна. Ингэж болж байгаа юмуу?
Уул уурхайн компанийг тээврийн компани болгосон. Уул уурхайн компани өндөр ханштай байхад нүүрсээ зараад ашиг орлогоо аваад бантан тас байх байтал тээвэрлэлтийг нь уул уурхайн компани өөрсдөө хий гэдэг байдлаар явснаас болоод цаад талын хятадын нафтын талбайн эздийн хүсэл сонирхол гэх юмуу, хятад дахь Ганц мод дахь нүүрс ачиж буулгах талбайн эздийн бодлогын жижигхэн юугаар Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хохирч байна. Нафтын талбай дүүрсэн учраас ачилт, таталт байхгүй учраас худалдан авалт хийгдсэн ч татаж авах боломжгүй, чингэлэг ачааг явуулах бололцоогүй байна гэхээр 140 доллараар зарсан нүүрс чинь 90 дээр очоод тохируулга хийх гээд явж байна. Үүний 50 долларын зөрүү бүхий алдагдлыг уул уурхайн компани, Монгол Улсын төсөв үүрэх гэж байна. Энэ зөв байсан юмуу? Ц.Туваан сайдад хэлж байгаа. Үнэнээ хэлье ээ.
Түүний асуултад АҮЭБ-ын сайд Ц.Туваан хариуллаа.