Д.Очирбат, А.Тлейхан нар Эрүүл мэндийн сайдад асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Д.Очирбат, А.Тлейхан нар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаад хандаж асуулга тавьсан байна.
Уг асуулгад,
1.Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн ямар байгаа талаар,
2.Хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, тэдгээрийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, эмнэлгийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн талаар,
3.Эрүүл мэндийн үйлчилгээнд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтуудыг нэвтрүүлж, улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайны оношлогооны цахим эмнэлгийн нэгдсэн сүлжээг бий болгох талаар,
4.”Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх Төрийн бодлого”-ын хэрэгжилт, зохион байгуулж байгаа ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнгийн талаар,
5.Шинээр мэргэжил эзэмшсэн их эмч, эмнэлгийн ажилтны ажиллах нөхцөл бололцоо болон тэдний мэргэжлийн дагуу ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд “Анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид 2 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг УИХ оруулсан билээ. Энэ хууль батлагдсанаар Анагаах ухааны сургуулийг төгссөн хүмүүс эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй дадлагажигч эмчээр ажиллаж байсныг болиулж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлээ дээшлүүлэх, суралцах эрхээ эдлэх боломжийг бүрдүүж өгсөн. Гэтэл Анагаах ухааны их, дээд сургуулийг 2009 онд төгсөгчдийг төлөөлж нэр бүхий иргэдээс бидэнд хандан Эрүүл мэндийн сайдын 2008 оны 113 тоот, 2009 оны 215 тоот тушаалууд нь шинэ эмч нарыг зөвхөн өрхийн эмнэлэгт, хөдөө орон нутаг, сум, багийн эмнэлэгт ажиллуулахаар заасан, түүнчлэн мэргэжлийн резидентурын сургалтад хамрагдахын тулд 5-аас дээш жил ажилласан байх зэрэг шалгууруудыг тавьсан нь дээрх нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн заалт болон эмч нарын Үндсэн хуулиар олгосон ажиллаж амьдрах, сурч боловсрох эрхийг зөрчсөн хэмээн үзэж өргөдөл ирүүлсэн байна.
Иймд асуулгын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонсгохыг Танаас хүсье гэсэн байна.