Д.Оюунхорол: Бусад орны туршлага, зөвлөхүүдийн санал, зөвлөмж чухал
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Азийн Хөгжлийн банкны эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах ажилтан Клод Бодарт, нийгмийн салбарын ажилтан Клифф Буркли нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Дээд түвшний шийдвэр гаргачдын дунд нийгмийн зөвшилцлийг хангах замаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх нь ” төслийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явц байдлын талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Уг төсөл дөрвөн оронд хэрэгжиж байгаа бөгөөд Индонези, Пакистан улсад тэтгэвэрийн шинэтгэлийн асуудлаар, Афганистанд нийгмийн халамжийн чиглэлээр тус тус хэрэгжиж байгааг ноён Клифф Буркли дуулгаад, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр туршлага солилцох Олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт ирэх оны дөрөвдүгээр сард Манила хотноо болох гэж буйг танилцуулав.
Мөн “Дээд түвшний шийдвэр гаргагчдын дунд нийгмийн зөвшилцлийг хангах замаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх нь “ төслийн дунд хугацааны тайланг гаргуулан хүлээн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Д.Оюунхорол эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг шийдвэр гаргагч дээд түвшинд нухацтай авч хэлэлцэж байгааг тэмдэглэж энэ чиглэлээр Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгахаар хэлэлцэж буй хууль, тогтоомжийн талаар тайлбар өглөө.
Түүнчлэн тэрээр АХБ-наас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нэлээдгүй ажил хийгдээд байгааг дуулгасан. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын талаарх ойлголтыг олон нийтэд сурталчлан таниулах, баруун бүсийн алслагдсан таван аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг хамруулсан сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болсныг онцолж, цаашид уг төслийг үргэлжлүүлж идэвхжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.
Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хөндөж энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бусад орны туршлага судлах, зөвлөхүүдийн санал, зөвлөмж сонсох нь чухал байгааг хэллээ.
Цаашид хувь хүн бүр эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг үүднээс гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжих хувилбар яригдаж байгаа бөгөөд энэ нь бодит амьдралд хэр нийцтэй байх тал дээр ч зөвлөхүүдийн зөвлөмж, санал тустай байх болно гэдгийг дуулгасан юм.