Сүүдрийн Засгийн газар байгуулбал илүү үр дүнтэй
МАН-ынхан УИХ дахь бүлгээ баталгаажуулж, ёстой л айдаггүйгээ авдартаа хийснээс хойш анхны хуралдаанаа хийлээ. Өчигдөр үдээс өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдаж бүлгийн хуралдаан 15:00 цагт болсон. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос зарим асуудлыг тодруулсан юм.
-Албажсан бүлгийн анхны хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн бол?
-Бүлгийн гишүүдийн зохион байгуулалт, ажлын хуваарилалтыг хэлэлцлээ. Одоогийн мөрдөж буй хуулийн дагуу гишүүд байнгын хороодод орж ажиллах журамтай, үүнийхээ дагуу ажиллана. Мөн бид цаашид байнгын хороодод харьяалагддаг гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Засгийн газрын гишүүд өмнөх парламентуудын адил үндсэн ажлынхаа харьяалагддаг байнгын хороонд орохгүйгээр өөр нэг байнгын хороонд ажиллах тухай хуулийн төсөл өргөн барихаар хэлэлцсэн.
-Сая УИХ-ын дэгийн тухай хуулиас хасагдчихсан билүү?
-Тэгсэн. Тиймээс дахин төсөл өргөн барина. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр байнгын хороодын ажил, чанар сайжирна. Нэг хүн олон байнгын хороонд самгардаж гүйхгүй, хоёрт харьяалагдах нь ирцээ бүрдүүлж, хариуцаж буй ажилдаа идэвхтэй хандана гэсэн байр суурьтай байгаа.
-Нэгэнт бүлэг тань албажсан болохоор сөрөг хүчний үүргийг жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь гэж ойлгож, болох нь ээ?
-Өнгөрсөн хугацаанд цөөнхийн зүгээс эрх баригчдад хяналт тавих тогтолцоо боломж муу байсан. Одоо бол энэ тогтолцоог улам бүр чангатгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Урьд нь манай гишүүд асуулга тавихад асуултад хариулж буй мэт байдлаар ханддаг байсан. Үндсэндээ асуулга гэдгийг асуулт, хариулт хэлбэртэй болгож, албан ёсны тоо, баримт гаргаж тавьдаггүй.
Энэ талаар бид эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Ингэснээр цөөнхийн зүгээс парламент, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, хариуцлага дээшилнэ.
-Мэдээж, бүлгийн хуралдаанаар Д.Арвин гишүүний асуудлаас үүдэн нам сэлгэх тухай ярьсан л байлгүй?
Сүүлийн үед сонгуулийн дараа нам, эвслээ сольдог, байр сууриа өөрчилдөг үзэгдэл Монголын улстөрд бий болчихоод байна.
Өөрөөр хэлбэл, сонгогчдын сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж, төрийн ажлын эмх, цэгц замбараагаа алдаж, ойлгомжгүй болгож байна. Энэ нь төрийг сонгуулийн аргаар бус өөр хэлбэрээр цэгцэлдэг арга руу чирч буй хэрэг.
Тиймээс эдгээр асуудлыг эмхлэх цаг нь гарцаагүй болсон. Тэгэхээр мөн л хуулийн төсөл боловсруулж, өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа өнгөрсөн сонгууль шиг холимог системээр явагдаж байгаа үед намын жагсаалтаар парламентын гишүүн болчихоод дараа нь гишүүнчлэлээ сольсон тохиолдолд яах ёстой вэ.
Сонгогч намын төлөө санал өгсөн байхад тангаргаа өргөөд урваж, шарвах нь ард түмний хаан сонголт эргэх, цаашлаад төр засгийн эрх өөр бодлого, шийдвэртэй намд шилжих нөхцөл байдал ч бүрдэж магадгүй болж байна. Энэ бол нэг хүний хэрэг биш. Дараагийн удаа олноор нь нааш, цааш нь татах асуудлыг зохион байгуулбал яах вэ. Ингэхээр Үндсэн хуулийн зарчим тэр хэмээрээ зөрчигдөж, өөрчлөгдөх болно.
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сүүдрийн Засгийн газар байгуулах тухай яригдсан гэх юм?
-Удирдах зөвлөл хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Тэдгээрийн дотор сөрөг хүчний хувьд хэрхэн ажиллах вэ гэдгээ нухацтай ярилцсан. Бид урьд нь сөрөг хүчний зүгээс намын ажлаа зохион байгуулж ирсэн. Бүлгийн ажлаа ч уялдуулж, зохицуулж ирсэн. Олон нийт болон ТББ-уудтай хамтран иргэний хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх ёстой гэх зэрэг хэд, хэдэн асуудал байсан.
Тэдгээрийн дунд дэлхийн зарим орны парламентад хэрэглэгддэг сүүдрийн Засгийн газар, танхимын зохион байгуулалттай байж болох юм гэдэг зарчмын асуудлыг ярьсан. Ингэж ажиллавал намын бүлгийн ажил намынхтай уялдаад илүү үр дүнтэй болох юм. Үүнийг цаашид судлах, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай хуулийн төслүүд бий.
Магадгүй, энэ талаар яриад эхлэхээр зарим нэг нь шүүмжлэх гээд бэлдэж байгаа байх. Сүүдрийн Засгийн газар, сайд байх тухай ярилаа гэх вий. Хэрвээ тийм бол үгүй. Бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Хамгийн оновчтой хөшүүрэг, механизм нь аль вэ гэдгийг судалж, ярьж байгаад шийднэ. Миний хувьд сүүдрийн Засгийн газар гэхээсээ илүү иргэний хяналтын танхим гэж нэрлэж болох юм гэж бодож байгаа. Гэхдээ нэр бол тийм чухал юм биш. Хяналтын механизмыг боловсронгуй болгох нь чухал.