О.Саранчулуун: Засгийн шийдвэр гаргалтын удаашрал ниймгийн эмзэг бүлгийнхэнд яаж тусдгийг тооцоолж төсвийн хүрээний тооцоог хийж байна уу?
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Төсвийн хүрээний мэдэгдлийн орлого зарлага хэсгийн аль алинд НДС-ийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлууд яригдаж байгаа учраас тодруулж, ялангуяа дараагийн төсөв дээр анхаарч, ажил болгох тал дээр хэдэн зүйл ярья.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний НД-ын асуудал бий. Хөгжлийн бэрхээлтэй хүн ажил хийхээр ажил олгогч нь 10 хувь, энгийн ажил олгогч хүн 12.5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүн 9.3 хувь, энгийн хүн 11.5 хувь төлж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг арай бага төлж буй нь ашиг тустай мэт боловч бодит байдал дээр НД-ын шимтгэл төлдөг бусад хүмүүстэй адил НДС-аас олгох аливаа боломжууд байхгүй байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулиар Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах биш, НДС-аас тэтгэвэр авах эрх үүсдэг. Сүүлийн 5 жил 36 сар ба түүнээс дээш төлсөн бол хөгжлийн бэрхшээлтэй хүн Нийгмийн халамжийн тэтгэврээс НД-руу шилждэг. Ажил хийх боломж нь жигд биш байхад энэ нөхцөл хангагдахгүй байгаа гэсэн үг. Тасралтгүй 5 жил ажил хийдэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ховор.
Хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоох нь бас бидэнд үйлчлэхгүй, ажиллахгүй байна. Тэтгэврийн дээд хэмжээ 800 мянган төгрөг байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнх хувь тэнцүүлснээрээ 540 мянгыг авдаг. Та бүхэн тоо баримтаа мэдэж байгаа. Бүрэн тэтгэвэр тогтоох эсэхийг аваад үзэхээр бүрэн тэтгэвэр авах эрх үүсч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ер нь байхгүй. 20 жил төлөөгүй. 20 жил ажил хийж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ховор шүү. Эрүүл мэндийн байдлаараа ч тэр, нөхцөл байдлаараа ч тэр.
Эдгээр асуудлууд нь ажил хийж байгаа хүн ажлаасааа халагдахад ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хөнгөлөлттэй НДШ төлдөг. 12 сар бүтэн цалин авч, НДШ төлөгдсөн хэрнээ цалингийн зээл авч чадахгүй. Банкны зээл үүсэхгүй. Халамжийн сангийн тэтгэвэр 328 мянга байхад НДС-ийнх 548 мянга.
Тэгэхээр ирэх жилүүдэд энэ асуудлаа шийдэхгүй бол том зургаар дүгнэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм эдийн засгийн эрх гэдэг зүйл огт хэрэгжихгүй байна гэж дүгнэх нь.
Энэ асуудал дээр ямар төлөвлөгөөтэй байгааг асуумаар байна. Сүүлд нь энд байгаа эдийн засагчдаас нэг зүйл тодруулъя.
Ер нь засгийн шийдвэр гаргалтын удаашрал нь ДНБ-д, ялангуяа улсын төсвийн хүрээний тооцоог гаргахад яаж нөлөөлдөг вэ? Тооцоолол байдаг уу? Тэр дундаа өвдсөн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд яаж тусдаг вэ гэдэг тооцооллыг та бүхэн хийж төсвийн хүрээллийн тооцоог хийдэг үү?
Түүний асуултад ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан хариуллаа.