2025.05.16
Б.Жаргалан: Урсгал зардлыг танахад дорвитой, итгэл үнэмшилтэй ажиллаж чадвал, энэ хэрээр эдийн засаг тэлнэ
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Өчигдрөөс эхлээд УИХ маш чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Анх удаа Их хурал улсын төсвөө бүтэн циклээр нь батлах гэж байна. Тэгэхээр улсын төсөв хэрхэн яаж батлагддаг вэ гэхлээр эхлээд энэ хөгжлийн төлөвлөгөө,төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад араас нь намрын чуулганаар улсын төсвөө эдгээр зүйлийн дагуу боловсруулагдаад орж ирдэг. Энэ сард болох хэлэлцүүлгүүд дээр бид маш их ач холбогдол өгөх ёстой. Энэ завшаан дээр Ерөнхий сайд орж ирээд улсын төсвийнхөө хэлэлцүүлэгт оролцоод, гэр бүлийнхээ төсвийн талаар ч тайлбар хийгээд, хамтдаа нэгдсэн ойлголтод хүрчихмээр л байгаад байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр улсын нэгдсэн төсвийн урсгал зардлыг 2025 оны хэмжээнд буюу 25,3 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн байна. Урсгал зардлыг цаашаа танах боломжтой гэж хараад байгаа юм.
Хөгжлийн яам болохлоор төрийн албан хаагчдын орон тоог цомхотгох бодлогыг давхар оруулж ирсэн. Тэгээд урсгал зардлыг 25,3 тэр их наяд төгрөгөөс улам доошоо буулгах боломжтой. Гэтэл Сангийн сайд дургүйд хүчгүй гэдэг шиг бүх урсгал зардлыг хуулиар баталгаажуулчихсан, цалин халамжаас цаашаа хэтэрдэггүй юм, энэ тэр гээд юм яриад байдаг. Гэтэл улсын төсвийг ноднин намар бид нар харж байхад үрэлгэн, давхардсан хэт данхайсан ийм зардлууд хасаагүй байгаа.Тэгэхээр хэдүүлээ үүн дээр таналт хийхийг зорьё. Та дорвитойхон шиг, итгэл үнэмшилтэйхэн урсгал зардлаа танах дээр ажиллаад өгөөч гэж хүсэх байна. Ядаж 22,3 их наяд хүргэчих юм бол гишүүдийн яриад байгаа хөрөнгө оруулалтын орон зай тэр хэмжээгээр тэлнэ. Ингэж байж эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ. Тэгэхээр урсгал зардал дээрээ ажиллая.

Сэтгүүлч