2025.05.29
М.Мандхай: Мэдлэг бүтээж буй газар нь хөрөнгө оруулалт хийж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийх шаардлагатай байна
УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө дээр орлогыг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны үнэ үеэс 40%-аар бол буурсан байгаа.Нийт экспортын орлого 17%-аар буурсан. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16%-аар буурсан байгаа. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 онуудад дамжин үргэлжлэх төлөвтэй гээд хөгжлийн бодлогын төлөвлөгөөнд нь тусгаад оруулчихсан байгаа. Угаасаа орлого буурч байгаа нөхцөл байдлыг статистикаараа тавьчихсан мөртөө орж ирж байгаа төлөвлөгөө болон төсөв нь энэ статистикаа үгүйсгэсэн байдлаар ороод ирчихсэн. Ийм зөрүүтэй асуудал байгааг бас хэлмээр байна.
Эдийн засаг хөгжлийн яамнаас асуумаар байна. Шинжлэх ухаан инновацыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ, одоо байгаа ДНБ-д эзлэх хувийг 0,5 хувьд байлгана гэж байгаа юм. Угаасаа статистикийг нь харах юм бол бараг дундаж нь өөрөө 0,5 хувьд л зарцуулалт хийж байгаа. Гэтэл энд нэг асуудал байгаад байгааг би ойлгохгүй байгаа юм. Боловсролын яаманд их дээд сургууль нь харьяалагдаад байдаг. Эрдэм шинжилгээний байгууллага нь Эдийн засгийн хөгжлийн яамнаасаа эрдэм шинжилгээний байгууллага мөн гэсэн чиглэлээ баталгаажуулаад байдаг. Мэдлэг бүтээж байгаа газар нь өөрөө хөрөнгө оруулалт хийж, энэ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийдэггүй юм уу? Одоогийн байдлаар Эдийн засаг хөгжлийн яам энэ эрдэм шинжилгээний байгууллагаас судалгаа мэдлэг хөгжүүлсэн мэдээлэл датанууд ерөөсөө гараагүй байна.

Сэтгүүлч