ГИШҮҮНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2025.05.29

ГИШҮҮНИЙ ТОЙМ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн О.Саранчулууны 2025/04/28-05/23-ны хугацаанд хийсэн ажлын тойм мэдээг хүргэж байна. 

ХУУЛЬ ТОГТООМЖ, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ

1. Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл
Хуульч, судлаачдын багтайгаа хамтран Нийгмийн ажлын тухай хуулийн төслөө бэлэн болголоо. Тун удахгүй санал авахаар dparliament дээр байршуулна.
2. УИХ дахь ажлын хэсгүүд
2.1 Асрах үйлчилгээ
Ажлын хэсгийн хурлаар асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төслийн удирдлагын нэгжийн танилцуулга, Япон Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, асаргааны даатгал, асаргааны үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.
https://www.parliament.mn/nn/74650/
2.2 Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлого төлөвлөлтийн ажлын хэсэг
МУ-ын хөгжлийн бодлогуудын 2024 оны гүйцэтгэл 34-67.7 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн. Иймд “Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах…” ажлын хэсэг багйуулагдаж миний бие гишүүнээр орсон.
Ажлын хэсэг “Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгууллаа.
https://www.parliament.mn/nn/74809/

2.3 ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ
Стандартын хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн ээлжит хурлаар дараах саналууд гишүүдээс гарч ажиллахаар болов:
- Норм, стандартын шинэчлэл удаашралтай байгааг онцолж, стандартыг сайжруулах хүрээнд санд төвлөрүүлсэн хөрөнгийг салбарын судалгаа, шинжилгээ, стандарт боловсруулахад зарцуулах;
- Сангийн удирдах зөвлөлд ТББ болон мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлж, сангийн тайланг олон нийтэд нээлттэй болгох;
- Үйл ажиллагааны хувьд төр, хувийн хэвшилтэй давхцахгүй байх;
- Замын зураг төсөл боловсруулсан инженер, холбогдох мэргэжилтнүүд өөрсдөө буцаад хариуцдаг байх, оролцогч талууд, улсын комиссын уялдаа холбоо, хяналтын тогтолцоог сайжруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Холбогдох баримт бичгүүдийг боловсруулахдаа олон талын оролцоог хангаж, бүтэц, тогтолцоог оновчтой тодорхойлох;
- Стандарт, нормын шинэчлэлийг яаралтай хийх, сангийн менежментийг сайжруулах, авто замын чанарын хяналтыг бэхжүүлэх.

2.4 Боловсролын зээлийн сангийн ажлын хэсэг
БЗС-ийн журмыг шинэчлэх ажлаар БСШУСБХорооноос ажлын хэсэг байгуулагдаж, миний бие мөн оролцож ажилласан билээ. Байнгын хорооноос тогтоол гарсны дагуу 4-р сарын 30-нд журам шинэчлэгдэн батлагдаж өнгөрсөн долоо хоногт албажиж дуусан legalinfo.mn сайтад нийтэд ил тавигдлаа.
Мөн БЗС-ийн сургалтын зээлийн эргэн төлөлт энэ жил 1.2 тэрбумд хүрсэн байна. Гэхдээ цаана нь 340 тэрбумын эргэн төлөлт байна. Иймд БЗС-д зээлтэй иргэдийн мэдээллийг Монгол банкинд хүргүүлсэн. Зээлийг эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жилээр сунгах уян хатан нөхцлийг тусгаж өгсөн.
Шинэчлэгдсэн журамтай танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17431393789492

Онцлох журмууд:

- Шинэ журмаар оюутнууд эхний хоёр жилээ дотоодын их, дээд сургуульд суралцаж, дараагийн хоёр жилээ гадаадын шилдэг их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой.
- 10-аас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг ХАА-н чиглэлээр үнэгүй сургана.
Сонгон шалгаруулалтын үйл явцыг цахимжуулсан.
- 2025 оны улсын төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр зээлийн эргэн төлөлтийн зохицуулалтыг оновчтой болгосон.
- ХБИ-д чиглэсэн хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүйн мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид тэтгэлэг олгоно.
- ХБХЭТхуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад элсэн суралцах эрх авсан бол сургалтын төлбөр, амжиргааны зардлын буцалтгүй тусламжийг олгоно.

3. НББХорооны хурлаар тогтоолын төсөл батлуулав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан билээ. Ажлын хэсгийн ажлаа дүгнэж, ХБХЭтухай хуулийн хэрэгжилтийг хангаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг НББХороогоор батлууллаа.

Цаашдын шийдэл: Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 17 заалт бүхий тогтоолын төсөл батлагдаж, биелэлтийг Засгийн газарт үүрэг болгов.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. Хүн төвтэй-Парламент: Ил тод байдал, иргэдийн оролцоо, ахмад-залуу үе хоорондын харилцаа, мэдлэгийн солилцоо:
Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоот байдлыг хангах, үе хооронд туршлага солилцох, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон асуудлыг хөндөж шийдэл эрэлхийлэн “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачлан, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Д.Энхтуяа, А.Ариунзаяа нарын хамтаар хэрэгжүүлэхээр анкетаа зарлаж, бүртгэлээ авч дууслаа. Одоо нийт ирсэн материалаас 30 ахмадыг сонгон шалгаруулж байнгын хороод, гишүүдтэй хамтран ажиллана.
Мэдээлэл авах холбоос: https://www.parliament.mn/nn/74731/

2. “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх суурь зарчимтай ч ил далд хэлбэрийн гадуурхал байна. Иргэд олон нийтийн санал, хууль журамд туссан заалтууд дээр үндэслэн эрхзүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдвээр иргэд, ИНБ, ТББ, төрийн байгууллагуудыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
https://www.parliament.mn/nn/74818/

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн хүрээнд
3.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад нутгийн удирдлагын оролцоо” зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж 18 аймаг, 9 дүүргийн засаг дарга, нийгмийн бодлого, хөгжлийн бэрхшээл хариуцсан мэргэжлийн 100 гаруй хүмүүс оролцов.
ГБХНХЯамны ХБХХЕГ, Европын холбоо, Ханс Зайдел сан, АИФО, Тэгш нийгэм ТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд зориулж гарын авлага бэлтгэн гаргасан ба өөрсдийн бүс нутагтаа хэрэгжүүлэх шаардлагатай 13 ажлыг гарын авлагад тусгасан. Цаашид 3 сар тутмын үнэлгээг 3 жилийн турш хийх ба хэрэгжүүлэлт, хяналтын системд суурилан ажиллана.
3.2 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдтэй уулзан тогтоолын төслөө танилцуулж санал солилцов. Өнгөрсөн намар LEND төслөө танилцуулан уулзаж байсан бол энэ удаа төслийн судалгааны үйл явцыг мөн танилцуулав.
3.3 Хөгжлийн бэрхшээлийн талаар мэдэхгүйгээс болж мэдээллэдэггүй, энэ тал дээр ажилладаггүй нөхцөл байдал үүсдэг. Иймд хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг, ойлголтыг бүрэн тусгасан гарын авлагыг юун түрүүнд мэдээ мэдээллийн түүчээ болсон хэвлэл мэдээллийн ажилтнуудад танилцуулж хэвлэлийн бага хурал хийв.
4. Бид эмэгтэйчүүд форумын “Эрүүл мэнд” салбар хуралдаанд илтгэл тавьж санал солилцов.
Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой "Бид эмэгтэйчүүд" форум 2 дахь өдрөө салбар хуралдаанаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн чиглүүлсэн “Эрүүл мэнд” салбар хуралдаанд Д.Энхтуяа гишүүний хамт илтгэл танилцуулж, оролцогчдын санал, хүсэлтийг сонсож цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХҮРЭЭНД

1. ИНБ, ТББ-уудыг дэмжиж, хамтран ажилладаг “Do good” HUB дээрээ сард 1 удаа уулзалт хийж байна. Хийж хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцаж туршлагаасаа хуваалцах уулзалтыг 2 дахь удаа зохион байгууллаа.
2. “Тэгш тусгал" ТББ-ын хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь" ЭПСО төслийн модулийн байгууллагуудтай 2 дахь удаа уулзаж санал солилцлоо.

 ГАДААД ХАРИЛЦАА, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

1. Монгол-Бутаны парламентын бүлгийн уулзалт
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хамтаар Бутаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, иргэний нийгмийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцав.
2. Сингапур дахь семинар: Электрон тамхины зохицуулалт
МУ-д сүүлийн 4 жилд 13-15 настай хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ 7 дахин өсөж, 4 хүүхэд тутмын 1 нь электрон, 5 хүүхэд тутмын 1 утаат тамхи татаж байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хамтаар Сингапурын Үндэсний Их Сургуулийн Saw Swee Hock Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль (SSHSPH) болон ДЭМБ хамтран "Баруун Номхон Далайн Бүс нутагт электрон тамхины үр дүнтэй зохицуулалтыг дэмжих" сэдэвт семинарт оролцлоо. Семинарын төгсгөлд улс орнууддаа электрон тамхины зохицуулалт, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бэхжүүлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
 Хуулийн ажлын хэсгийн ахлагч, санаачлагч: О.Номинчимэг гишүүн
3. БНСУ-ын “Энжелс Хэйвэн” байгууллагын төлөөлөлтэй уулзав
Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн халамжийн үйлчилгээ, сургалтын чадавх бэхжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.
https://vip76.mn/content/101351

ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ

1. Улаанбаатар марафоны сайн дурын ажилтнуудад сургалт орлоо.
Улаанбаатар марафонд 800 орчим сайн дурын ажилтан бүртгүүлсэн ба хүүхдүүдийг 2 ээлжинд хувааж, сайн дурын ажил гэж юу болох, марафоны үеэрх оролцоо, анхаарах зүйлс зэргийг багтаав.
2. Ахиллис Монгол ТББ-ын Багачуудын гүйлт зохион байгуулагдлаа.
Ахиллис Монгол ТББ-ын жил бүр зохион байгуулдаг “Багачуудын хөгжилтэй гүйлт” амжилттай болж өнгөрлөө. Жил бүр цар хүрээгээ тэлж, оролцох хүүхдүүд, хамтран ажиллах байгууллагууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
3. МҮОНРТ “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт уригдан оролцов
Нэвтрүүлэгт ахмад настны нийгмийн оролцоо, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй Нээлттэй парламент эксперт хөтөлбөрөө онцлон, энэ талаар мэдээлэл өгч ярилцлаа.
Мөн ахмад настны оролцоог салбар бүрт хангаж бодлогоор хэрхэн дэмжих, олон жил хуримтлуулсан мэдлэг, туршлагыг хэрхэн зэврүүлэхгүй ашиглах, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь ямар чухал тухай дурьдаж онцоллоо.
https://www.facebook.com/share/v/16Y8fb3J9J/
4. Энхийн шагнал ёслол
“Дэлхийн энхийн их наадам” ТББ-аас жил бүр олгодог шагнал гардуулах ёслолд жил бүр оролцдог уламжлалаараа оролцлоо. Энэ жил МУ-ын Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээхээр болсон нь онцлог, сайхан үйл явдал байв.
https://news.mn/r/2801227/
5. “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм" хэлэлцүүлэг
Нийтийн эрх ашгийн сан, Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс зохион байгуулсан Монгол Улсын аюулгүй байдал, иргэний нийгмийн хөгжил, өнөөгийн сорилт, ирээдүйн чиг хандлагыг олон нийт, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор нэг ойлголт, алсын хараатай болох зорилготой хэлэлцүүлэгт оролцлоо.