
2025.05.20
ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН КЭМБРИДЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Кэмбрижийн их сургуульд зочилсон бөгөөд энэ үеэр тус сургуулийн удирдлагуудтай хоёр талын уулзалт хийж, коллеж, лабораторийн үйл ажиллагаа болон Монгол ба Өвөр Ази судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцаж цаашид Монгол Улсын Их Хурал болон холбогдох түвшинд Кэмбрижийн их сургуультай сургалт, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн билээ.
Тус айлчлалаар харилцан тохиролцсоны дагуу 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Парламентын Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн Кэмбрижийн их сургуульд Монгол ба Өвөр Ази судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Кэмбрижийн их сургуультай хамтран судалгаа хийж, бүтээл гаргах, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Мандхай, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх, Парламентын Судалгаа, Хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн захирал Д.Снийт, Профессор У.Булаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.