2025.01.24

П.Сайнзориг: Шинэ байгуулагдах Хүннү хот эдийн засгийн зангилаа төв болох боломжтой

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Нэр сольсон төдийгөөр энэ томоохон төслийг ач холбогдлын хувьд анхаарч, битгий орхигдуулаасай гэж хүсэж байна. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын хуулийн цаана нь энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж. Улаанбаатар Төв аймаг хамтдаа хөгжих эдийн засгийн интеграцад орох. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө энэ хууль орж ирж байна. Шинэ Зуунмод хот буюу цаашдаа Хүннү гэж нэрлэгдэх хот дээр олон улсын санхүүгийн төв байгуулах асуудал яригддаг маш их хэмжээний томоохон дата төвүүдийг байгуулъя гэж байна. Энэ бол Монгол улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх, Төв аймгийн хөгжилд ч бас нөлөө үзүүлэх ийм зүйлүүд байгаа. Дэд бүтцийн асуудал дээр үндсэндээ дулааны станц болон цэвэрлэх байгууламжийн асуудал одоо яригдаж байгаа. Үүнийгээ зайлшгүй шуурхай хийж чадвал цаашдын хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Хүннү хот маань цаашдаа тээвэр ложистикийн зангилаа цэг болох бүрэн боломжтой хот. Өөрөөр хэлэх юм бол хажууд нь Хөшигтийн хөндий дээр шинэ Чингис хаан нисэх буудал байгаа. Авто тээврээр холбогдох бүрэн боломжтой. Цаашдаа төмөр замаараа холбогдох юм бол Монгол Улсын 3 төрлийн тээврээр холбогдсон зангилаа эдийн засгийн хот болгох ийм бүрэн боломж байгаа. Эдгээр асуудлууд дээрээ анхаарал хандуулж, түргэн шуурхай шийдэх талд нь анхаарч өгөөч ээ гэж хүсэж байна. Дур дураараа газрыг хувь эсхүл компаниудад өгчхөөд тэдгээр нь газрын бирж ажиллуулаад суудаг биш. Энэ хот маань эргээд тодорхой төсөлд газар өгнө. Энэ концепцыг бэхжүүлэх чиглэлд нь цааш цаашдаа илүү анхаарч хууль эрх зүйн орчны шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж яваач ээ. Засгийн газар үүн дээр санхүү хөрөнгө оруулалтын болон бусад бүх дэмжлэгээ үзүүлэхэд нь анхаарч ажиллаач ээ гэдэг зүйлийг хүсэж байна. Энэ ташрамд Ерөнхий сайдад хандаж хэлэхэд. Үнэхээр энэ хотын нэрийг өөрчилж байгаа бол Хүннүгийн музей, археологийн олдворуудаар музейгээ байгуулах. Хүннү судлалын төвөө байгуулна гэдгийг Засгийн газар зарлах хэрэгтэй. Ялангуяа олон улсын санхүүгийн төв байгууллага, хууль эрх зүйн орчныг нэр сольж байгаа шигээ яаралтай оруулж ирээч ээ гэдэг зүйлийг л хэлье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан