2025.01.15
Ж.Алдаржавхлан: Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байсан түүх байдаг уу?
Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг урьд нь хэдэн удаа Улсын Их Хурлаар баталж байсан бэ? Энэ удаагийн өргөн барьсан нь өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ? 2040 ажлын хэсэг байгуулагдана. Энэхүү ажлын хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс бүрдүүлж байгуулах уу? эсхүл их хурлын түвшинд байгуулах уу? Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс ажлын хэсэг байгуулах юм бол нийслэлээс сонгогдсон өөр байнгын хороонд байгаа гишүүдийг оруулж өгөөч гэж хүсэж байна. Нийслэлд байсан олон хүмүүсийг оролцуулж саналыг нь сонсоорой гэж хүсэж байна. Учир нь зовлон дундуур нь туулчихсан учраас илүү ойлгох байх хэмээн бодож байна.
Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нар хариуллаа.