Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа
2023.02.10

Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа

Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийн, 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Сумын Эрүүл мэндийн төв, ЕБС, Соёлын төв, Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцан, салбарт баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг судалж, тулгамдсан асуудлыг сонсон, холбогдох яаманд уламжлан шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

ЕБС-ийн дотуур байрны нөхцөл хүнд байгаа талаар сум, орон нутгийн удирдлагууд, сургуулийн захирал онцлон хэлж байна. Ирэх онд 150 ортой шинэ дотуур байрын барилгын ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа хэллээ.

Мөн багш нарын компьютер хуучирч, ажиллахад хүндрэлтэй байгаа асуудалд анхаарч БШУЯ, Аймгийн удирдлагуудтай хамтран 2023-2024 онд "Багш бүрд компьютер" төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ЕБС, СӨБ, МСҮТ-ийн багш нарт зөөврийн компьютер шийдвэрлэхээр болсныг мэдэгдлээ.

Өнгөрсөн онд Баянчандмань суманд эхэлсэн "Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж" төслийн хүрээнд 406,0 сая төгрөгөөр усан сан, гүний худаг, цэвэрлэх байгууламжийн холболтын ажлууд эхэлсэн бөгөөд энэ онд 1,1 тэрбум төгрөгийн ажлууд хийгдэнэ.