2021 оны оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2020.11.05

2021 оны оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. 

Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийгхэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 40, 41 дүгээр захирамжаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгагдсан хугацаагхүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжсэн байна.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төсөвт төлсөн малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 29.4 хувь, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийн 8 дугаар зүйлд шинээр “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 35.3 хувь нь дэмжиж, дээрх саналууд олонхын дэмжлэг аваагүй гэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө